МУ-д коронавирусын анхны халдвар өнгөрсөн гуравдугаар сарын 9-ны өдөр илэрсэн. Тодруулбал , Дорноговь аймгийн Улаанбадрах суман дахь Бадрах энержи ХХК-д ажилладаг Франц улсын иргэн уг вирусийн халдвараар өвчилж, ХӨСҮТ-д хэвтэн, бүрэн эмчлүүлээд нутаг уруугаа буцсан. Түүнийг монголчууд "Анх-Отгон" хэмээн нэрийдсэн байдаг. Тэгвэл "тухайн иргэн Францдаа очиж, коронавирусын шинжилгээ өгөхөд өвчлөөгүй нь тогтоогдсон" гэдэг мэдээлэл нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн.

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, “Тэр хүн тэгж ярихгүй. ХӨСҮТ-д 20 хоног эмчлүүлээд, өдөр болгон шинжилгээ өгч байсан. Тэр олон шинжилгээ буруу байсан хэрэг үү. Үхэж үрэгдэх гэж байсан нь худлаа байх уу. Манайхан сошиалаар маш их худлаа мэдээлэл сэвэх юм” гэх тайлбарыг өглөө. 

Бид энэ асуудлаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулахад "Үндэслэлгүй худал мэдээ сошиалд хаанаас ч юм явуулж байна. Учир нь Засгийн газрын хэрэг эрхлэх газарт, Гадаад харилцааны яаманд Францын иргэнээс, ЭСЯ-наас ч гомдол, өргөдөл ирээгүй. Энэ оны 3-р сарын 9-нд Франц иргэнээс анх ковид-19 илэрсэн тул Монголчууд "Анх-Отгон" гэж нэрлэх болсон. Франц иргэнийг ХӨСҮТ-ийн мэргэжлийн эмч, эмнэлгийн багийн ажилтнууд багагүй хугацаанд эмчилж, бүрэн эмчилсэн. Ёс зүйгээ барьж, өргөсөн тангарагтаа үнэнчээр халдварын голомтод ажиллаж байгаа эмч нарыг ор үндэслэлгүй, баримтгүйгээр гүтгэж байгаа нь харамсалтай. Нийт Монголчуудад хандаж чин сэтгэлээсээ талархаад эх орон луугаа явсан хүн юм.