Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 21.30 цаг хүртэл болж дараах шийдвэрийг гаргалаа.

Үүнд:

- Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээж,
- Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарт оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

Хэргийг эргэн сануулбал, өнгөрөгч долоодугаар сарын 6-ны өдөр Ж.Эрдэнэбатад  зургаан жилийн хорих ял оноож, зургаан жил нийтийн албанд томилогдох эрхийг хасах шийдвэр гаргасан байдаг. Гэвч шүүгдэгч нарын зүгээс уг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандаад байсан.

Шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-ийн 22.1-3 (Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл ху гацаагаар хорих ял шийтгэнэ)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.