- АН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САВАРТ ОРСОН, ИЙМ НАМД ХЭН ҮЛДЭЖ ТОГТОХ ЮМ БЭ -

Уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатартай ярилцлаа.


-Та АН-ын гишүүн байсан. Таныг МАН-д элссэний дараа цахим орчинд нэлээд шуугиан дэгдлээ.Шүүмжилсэн сэтгэгдэл өчнөөнөөрөө харагдсан…?

-Нийгэм хоёр талтай хүлээж авч байна лээ. Зарим нь зөв шийдвэр гэж хараад амжилт хүсч байхад нөгөө хэсэг нь буруу гэж шүүмжилсэн. Магадгүй ихэнх хүн “Наранбаатар гэж хүнийг муулаад нулимаад байна” гэж харж байж мэднэ. Би хувьдаа тэгж бодохгүй байна. Буруу гэж шүүмжилж суугаа нь тухайн үед АН-ыг удирдаж явсан хүмүүс, АН-ын залуу гишүүд голдуу харагдсан.Тэдний бухимдалд эмзэглэх юм алга. АН-ыг гэсэн үнэ цэнэ, итгэл найдвар өвөрлөж явсан мянга мянган дэмжигчид нь АН-д гомдоод, гомдлоо надаар тайлж байна гэж ойлгосон.Эрх ашгийн бүлэглэлүүдийн гарт орж туйлдсан намынхаа хувь заяанд бухимдахдаа гаргасан эмоци болов уу гэж харж байна. АН-аас урваж МАН-д элсчихлээ гэдэг шүүмжлэлийг би хувьдаа хүлээж авахгүй. Би АН-аас хоёр ч удаа хөөгдчихсөн хүн шүү дээ. Хэсэг хугацаанд нам бус явж байгаад сая МАН-д элслээ.

-АН-аас хоёр удаа хөөгдсөн түүхийн чинь нэг нь УИХ-ын дарга руу оймс шидсэнтэй холбоотой бил үү?

-Тэгж хэлж болно. Намын даргаа шүүмжлээд, тэр нь хурцадмал байдал үүсгэчихсэн учраас намайг 2015 онд АН-аас хөөсөн юм. Намайг намаас хөөсөн хүн бол З.Энхболд. Тэр жилийн эдийн засгийн форумаар би З.Энхболд гэж хүн рүү оймс шидсэн юм. Эдийн засгийн форум дууссаны маргааш нь Дархан-Уул аймагт хурал зарлаж байгаад, Дарханы кино театрын танхимд намайг намаас хөөснөө зарлаж байсан түүхтэй. Бүх телевизүүдээр зарласан. Тэгэхээр би энэ намаас өргөдөл өгч гараагүй, хөөгдсөн хүн.

-Оймс шидэх болсон шалтгаанаа эргэн сануулах уу, уншигчдад?

-Юуны өмнө би З.Энхболд гэж хүнтэй өстөн дайсан биш гэдгийг онцолж хэлмээр байна. Бид хоёулаа л уул уурхайн салбар, Таван толгойн талаар ярьдаг. Гэхдээ ярьдаг өнцгүүд маань эрс тэс байсан байж магадгүй. Товчхондоо бодлогын зөрчил маягийн зүйл үүссэн. З.Энхболд гэж хүн АН-ыг удирдаж явсан, УИХ-ын дарга байсан, тэр бүү хэл намын даргын хувьд Ерөнхий сайдаа базаж барьж, удирдаж явсан, нэг хэсэг хаан байсан хүн. Тэр үед Монгол Улс эдийн засгийн хувьд элгээрээ хэвтсэн. Тухайн үед чинь Монгол Улс хоёр, гурван төсөвтэй байсан шүү дээ.

Улсын төсвөөс гадна Монголбанк гэж том төсөвтэй газар байлаа. Гурав дахь төсөв нь бонд болчихсон байсан. Бараг л гурав, дөрвөн засаглалтай болчихсон байсан гэхэд хэтрүүлсэн болохгүй.

Жолоочгүй машин, азаргагүй адуу, удирдлагагүй компани шиг байдал үүсчихсэн байсныг та ч гадарлаж суугаа байх. Үүнийх нь хар, горыг Монголын ард түмэн амсаж байсан үе. Эдийн засаг элгээрээ хэвтсэн, том хөрөнгө оруулалт, том төслүүд ямар ч дэмжлэггүй, зөвхөн зээл аваад зам тавиад идэж ууж байсан цаг л даа. Эдийн засагч хүний хувьд тэр бүх байдлыг шүүмжлэлтэйгээр хардаг байсан. Нэмээд хэлэхэд тэр үед Монгол Улс хөрөнгө оруулалтын бүх бодлогоо хаачихсан. Хөрөнгө оруулагчдыг хөөж явуулсан. Зөвхөн Хятад гэдэг улсын хөрөнгө оруулалтаас хамааралтай болгож үлдээсэн гэм тэр үеийн засаг баригчдад ногдоно. Шуудхан хэлэхэд, З.Энхболд гэдэг хүнтэй хамаатай зүйл. Тэр хүний бодлого байхгүй юу. Би энэ хүний эдийн засгийн бодлогыг шүүмжилсэн л дээ, тэр жилийн эдийн засгийн форумын үеэр. “Та нар эдийн засгийн алуурчид болчихоод яваагаа мэдэж байна уу” гэж хэлээд, тэр мессэжээ ойлгуулахын тулд оймс шидсэн юм. Тэр үеэс хойш мань хүн надад хувийн өс хонзонтой болсон.

-Тэр үеэс хойш цагдаа, прокуророор нэлээд явсан байх шүү?

-Тэгсэн. 2015 оноос хойш би үндсэндээ өдөр бүр цагдаад дуудагдаж, прокурорт байцаалт өгдөг болсон. Миний бизнесийг хавчсан. Хувь хүний минь хувьд хэвлэлээр өчнөөнөөр гутааж доромжилсон. “Би төрд ажиллаагүй, төрийн албан тушаал хашаагүй, хувь судлаачийн хувиар баруун төвийн үзэлтэй намдаа дуу хоолой, үзэл санаагаа илэрхийлэх чин эрмэлзэлтэй байхад яагаад хавчиж гадуурхаж байгаа юм бэ” гэж гайхаш тасарсан үе миний амьдралд бий. Тэр үеийн намын дарга З.Энхболд, тэр хүнийг тойрон хүрээлэгч долдой залуусын зүгээс маш их шахалт, дарамт, дайралт ирж байсан. Гэхдээ нэг зүйлийг онцолж хэлэхэд, би З.Энхболдоос болж АН-д итгэл алдраагүй. Тэгнэ ч гэж байхгүй. Учир нь би АН-аас биш энэ намын толгой дээр гарчихсан ялзарсан хувалзнуудад хөөгдөж гарсан юм. Дараа нь АН-ын шинэчлэлийн тухай ярьсан, залуус хэд хэдэн бүлэг болж намынхаа шинэчлэлийн төлөө зүтгэсэн. Тэр залуусаас хэн ч АН-д байхгүй, өнөөдөр. Бүгдийг нь хөөгөөд явуулчихсан. Заримыг нь шорон оронгоор айлгасан. З.Энхболд гэдэг хүн 2020 оны УИХ-ын сонгуулиар яасныг та харсан байх. Өөрийг нь хууль бус зүйл хийчихлээ гээд хууль хүчний байгууллага шалгах гээд ирэхэд “Та нарт шалгуулахгүй, харин би чамайг шоронд хийнэ” гэсэн утгатай зүйл яриад загнаад зогсож байсан хүн шүү дээ.

-Тэгвэл АН-д итгэл алдрах болсон шалтгаан чинь юу юм бэ?

-Сонгож гаргаж ирсэн Ерөнхийлөгч нь намынхаа лидерүүдийг хэлмэгдүүлээд бултаар нь шоронд хийчихлээ шүү дээ. АН-ын лидерүүдийг МАН хэлмэгдүүлж шоронд хийгээгүй. Ерөнхийлөгч хийгээд байна. Ингээд байхад АН-ын зүгээс байр сууриа илэрхийлэхгүй таг чиг явааг та ч мэдэж байгаа.АН сая болж өнгөрсөн УИХ-ын сонгуулиар яагаад ялагдсаныг АН-ын экс дарга С.Эрдэнэ тов тодорхой хэлсэн. Ерөнхийлөгчтэй ойлголцож чадсангүй гэж.Шуудхан хэлэхэд, Ерөнхийлөгч нь АН-ын эсрэг ажиллаж, лидерүүдийг нь шоронд хорьж, АН ялагдал хүлээсэн.Одоо АН Ерөнхийлөгчийн саварт орсон. Ийм намд хэн үлдэж тогтох юм бэ.

2020 онд АН ялагдсан бас нэг шалтгаан нь дотоод ардчилал байхгүй явдал. Эрх ашгаараа нэгдсэн хулгайч, луйварчдын бүлэглэл нь өөр, өөрсдийнхөө хүмүүсийг хувааж дэвшүүлээд л унасан. М.Тулгат гэж өндөр боловсролтой, овоо дэмжлэгтэй явж байсан залууг нясалсан хүн нь З.Энхболд. Хатуухан хэлэхэд, АН-ыг ардчилсан гэхээс илүү хулгайч, луйварч, дээрэмчин, коммунистуудын нам болчихсон. Тийм учраас залуус нь дайжаад байгаа юм.

-Ингэхэд АН-аас хөөгдсөн хоёр дахь түүх чинь юу билээ?

-Би одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг анх Ерөнхийлөгчид нэр дэвшихэд эсэргүүцэж үг хэлсэн юм. “Наад хүн чинь хувийн өмчийг хурааж аваад нийгэмчлэх эрсдэлтэй хүн. Тийм учраас битгий дэмж” гэсэн утгатай үгийг төрийн ордонд хэлчихсэн. Тэр өдөртөө бүх телевизүүдээр Наранбаатарыг намаас хөөсөн гэсэн бичиг гаргаж ирээд мэдээлсэн түүх бий.Ингээд харахаар би АН-аас хоёр дахиа хөөгдсөн хүн л дээ.

-МАН-д элсэх хүсэлтээ өөрөө тавьсан уу, эсвэл МАН-ын удирлагууд санал болгов уу?

-Би хувь иргэнийхээ хувьд МАН-д элсэх саналаа тавьчихсан байсан. МАН-ын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөртэй танилцаж байж энэ намд элсэх хүсэлтээ тавьсан юм. МАН бол нийгмийн ардчиллын буюу социал демократ үзэл баримтлалтай.Тодотгож хэлбэл тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, Монгол Улсын язгуур эрх ашгийг дээдэлсэн нийгмийн ардчиллын чиг баримжаатай социал демократ нам. МАН-ын мөрийн хөтөлбөрөөс хот, хөдөөгийн ялгааг арилгах, нийгмийн дундаж давхаргыг тэлэх гэсэн зорилт нь их таалагдсан.

-Дундаж давхарга нь хүчтэй улс хөгждөг гэдэг. Манайд ингэхэд дундаж давхарга байна уу?

-Манайд дундаж давхарга байхгүй. Мэдээж огт байхгүй биш. Зохистой хэмжээндээ байхгүй гэж харж байгаа.Ер нь нийгмийн дундаж давхаргыг тэлэхийн тулд маш олон бодлого хөтөлбөр хэрэгжүүлж таарна. Нэгдүгээрт, монголчууд сонголтоо зөв хийдэг байх ёстой. Сонголтоо зөв хийхийн тулд сонгогч боловсролтой байх шалгуур тавигдана.Боловсролтой иргэдтэй болохын тулд боловсролын программуудыг хөгжүүлэх учиртай. Товчхондоо хүнээ хөгжүүлж байж улсаараа урагшлах юм билээ. Хүний хөгжлийн хангахын тулд эдийн засаг, нийгмийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж таарна. Ялангуяа эдийн засгийн арга хэмжээнүүдийг.Уул уурхай, дэд бүтцийн том төслүүдийг хэрэгжүүлж байж урт хугацаанд боловсролд зарцуулах хөрөнгө мөнгө нь гарч ирнэ. Энэ бүхний эцэст дундаж давхарга тэлж, хүчээ авна.

-Таны намын гишүүний үнэмлэхийг Ерөнхий сайд, МАН-ын дарга гардуулж өгсөн. МАН-д элсэхийн өмнө У.Хүрэлсүхтэй уулзаж яриа хөөрөө өрнүүлсэн үү?

-Би намд элсэх саналаа МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргад тавьсан л даа. Намын батлахыг Ерөнхий сайд буюу намын дарга, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга нар гардуулж өглөө. Л.Наранбаатар гэж хувь хүн гэхээс илүү нийгмийн баялгийг тэгш хүртээх чиглэлд ажиллаж яваа, уул уурхайн чиглэлээр судалгаа хийдэг, энэ салбарт мэдлэг боловсролоо зориулъя, тодорхой сорилтуудтай нүүр тулж зориг гаргаж ажиллая гэсэн залуусын дуу хоолойг МАН өндөр ач холбогдол өгч хүлээж авлаа гэж харсан.

-Орон нутгийн сонгуультай холбоотой ч юм уу, эсвэл ямар нэгэн албан тушаалын сураг сонсчихоод МАН-д орчихлоо гэсэн шүүмжлэл цөөнгүй харагдсан…?

-Нэгдүгээрт, орон нутгийн сонгуультай ямар ч хамаагүй. Надад албан тушаал амласан зүйл байхгүй. Би 2002 онд Уул уурхайн инженерийн сургууль төгссөн. Уул уурхайн инженер, эдийн засагч мэргэжилтэй.Энэ салбарт тасралтгүй ажиллаж яваа.Австрали, Азийн уул уурхайн институцийн гишүүн. Торонто, Хонконгийн хөрөнгийн бирж дээр Монголын төслүүдийг гаргахад мэргэжилтний хувьд өөрийн нэр хүндээр баталгаа гаргаж, Монголдоо хөрөнгө оруулалт татах чадвартай цөөн мэргэжилтнүүдийн нэг. Түүнээс гадна нүүрс, алт, зэсийн салбарт уул уурхайн инженер, эдийн засагч, судлаачийн хувьд олон судалгаа, төслийг хэрэгжүүлсэн. 200 гаруй ТЭЗҮ боловсруулсан. “Гложекс” гээд консалтинг компаниараа маш олон залуусыг бэлтгэж гаргаснаараа бахархдаг. Бид уул уурхайн компаниудад, ялангуяа барууны компаниудад консалтинг хийж ирсэн. Өөрөөр хэлбэл, би оюуны экспорт хийсээр өнөөг хүрсэн хүн. Миний амьдрал олны өмнө дэндүү нээлттэй. Би дөч гарчихлаа.Биеэ, гэрээ засчихлаа, одоо л төрийнхөө төлөө зүтгэдэг нас. Төдийгөөс өдий хүртэл сурч мэдсэнээ эх орондоо зориулмаар байна. Ганцаараа бол юу ч хийж бүтээх боломжгүй. Тийм учраас баг хэрэгтэй. Бодож санаж яваа бүхнийг минь хэрэгжүүлж, дэмжих баг нь МАН гэж би харсан. Миний хувьд уул уурхайн салбарыг үсрэнгүй хөгжүүлж, энэ салбараар дамжуулж улсынхаа хөгжлийг цойлуулахсан гэсэн хүсэл, амбицтай урагшилж яваа залуусын л нэг.

-Манай сонины өнөөдрийн (өчигдрийн) дугаарт Хятадын элчин сайд ярилцлага өгсөн. Сошиал орчинд их хандалт авсан ярилцлага байлаа.Та уншсан уу?

-Уншилгүй яахав.

-Ямар сэтгэгдэл төрөв?

-Нүүрсний тухай биш, Монголын эдийн засгийн бат бэх байдлын тухай ярьжээ гэж харсан. Оросуудад бид юу ч зарж чаддаггүй. Тэгсэн хэрнээ хоёр гурван тэрбум доллар өгч шатахуун, эрчим хүч худалдаж авдаг. Орос бидэнд юмаа зардаг бол бидний юмаа зардаг газар нь Хятад. Гадаад худалдааныхаа тухайд 95, 96 хувийн хамааралтай улс. Хятадын элчин сайдын яриаг уншихад “Хэрвээ манай дотоод асуудалд та нар хэт оролцоод байх юм бол бид эдийн засгийн хориг арга хэмжээ авна” гээд шулуухан хэлчихжээ л гэж ойлгосон.Сая коронагийн ид үеэр хил хаагдахад Монголд яаж бужигналаа. Хятад хилээ тас хаачихвал эдийн засгийн гэхээс илүү нийгмийн хямрал руу явчихна. Нийгмийн хямрал даамжирвал тусгаар тогтнолын асуудал яригдана.Сая намайг тантай ярилцах гээд Төв талбайг хөндлөн гараад явж байхад баахан хүмүүс жагсаж байна. Монгол бичгээ хамгаалья гээд. Нэг нь намайг лайв хийнгээ дуудлаа л даа. Би очоод “Бид жагсаж тэмцсэнээрээ хэл соёлоо хамгаалахгүй. Өөрсдөө сурч, толгойдоо хийж байж монгол бичгээ хамгаалдаг юм” гэж хэлсэн. Ний нуугүй хэлэхэд, бид тусгаар тогтнолоо авч үлдэхийн тулд Өмнөд Монголыг зараад идчихсэн улс. Монгол үндэстний хувьд би ч харамсаж, халаглаж байна.Гэхдээ Хятадын элчин сайдын ярилцлагыг уншаад үзэхээр Монгол бичгийн хөтөлбөрт нь өөрчлөлт оруулаагүй юм билээ. Математик, физикийн хичээлийг хятад хэлээр заахгүй бол дараа нь сурлагын хоцрогдол гараад өмнөд монгол хүмүүс Хятадтай өрсөлдөх чадвартай мэргэжилтэн болж чадахгүй байна гэсэн асуудал л тавьж гэж ойлгосон. Олон том улсын геополитик ч байдаг байх. Хятад, Америкийн геополитикийн том дайн явж байна. Магадгүй Америк Хятад улсыг завгүй байлгахыг хүсч байхыг үгүйсгэхгүй. Гэтэл бид геополитикийн ийм том дайн дунд нь давхиж орж өгөөш болоод байх нь зөв ч юм уу, буруу ч юм уу.

-Учир мэдэх нэг хүн Хятад нүүрсний хэрэглээгээ багасгана гэдэг нь гайхах асуудал биш гэсэн утгатай зүйл жиргэсэн харагдсан. Урд хөршийн нүүрсний хэрэглээ үнэхээр тийм байна уу?

-Хятад улс эрчим хүчний нүүрсний хэрэглээгээ огцом танаж байгаа. Гэхдээ коксжих нүүрсний хувьд ирээдүй бий.Геополитикийн хувьд Америктай таарамжгүй байгаа.Америкийн нөлөөний Канад, Австрали гэх мэт улсуудтай бас давхар дайн хийж яваа.Т одруулж хэлэхэд, энэ улсуудын нүүрсийг авахгүй ч юм уу хэмжээг нь бууруулж байна Коксжих нүүрс хэрэглэдэг хүнд аж үйлдвэрүүдээ манайх руу дөхүүлээд бариад байгаа.Тэгэхээр Монгол ухаалаг байвал энэ дунд хожих боломжтой улс. Энэ боломжийг ашиглахын тулд урд хөрштэй худалдааны нөхцөл байдлаа яаж сайжруулах вэ, хэрхэн хамтарч ажиллах вэ гэдгээ л ярих хэрэгтэй. Том гүрнүүдийн геополитикийн тоглолтод гүйж ороод байх шаардлага байхгүй. Бид Америк байсан бол олон юм ярьж болно.Гэтэл бид хэн юм бэ? Бодит байдал дээр өөрсдийгөө үнэлэх ёстой.

-Монгол Улс Хятадын эдийн засгийн хоригт орлоо гэж муугаар төсөөлбөл урд хөршийн хувьд коксжих нүүрсний дараагийн том зах зээл хэн бэ?

-Орос. Угаасаа эхний хувилбар нь хойд хөрш шүү дээ.Оросын Колмар руу хөрөнгө оруулах асар өндөр сонирхол урд хөршид бий.Тэнд баяжуулах үйлдвэр, төмөр замаа барьчихсан.Товчхондоо бид эдийн засгийн хоригт орвол урд хөрш Оросоос нүүрсээ аваад явчихна.

-Сүүлийн асуулт. АН энэ янзаараа шинэчлэгдэхгүй удвал бас л хэцүү байдал үүсэх байх, тийм үү?

-АН шинэчлэгдээд улс төрийн том хүчин болж дахин сэргэж гарч ирэхгүй бол бас их аюултай. МАН гэж маш том, монополь намтай болчихно. Хэрвээ ингэвэл МАН дахиад л дүлийрч эхэлнэ.Юм сонсохоо болино шүү дээ.Шүүмжлэгч байхгүй ямар ч зүйл ялзардаг жамтай. Үзэл баримтлалын хоёр том багана байх ёстой, тэр баганы нэг нь АН байх ёстой гэсэн итгэл үнэмшил минь өнөө ч хэвээрээ. Харамсалтай нь АН-ыг шинэчлэх гэж зүтгэсэн залуус хэлмэгдэж байна.Бизнесийг нь шахаж хавчиж байна.Шоронд хийж байна. Ийм байхад тэсч үлдэнэ гэдэг ямар ч залуу хүнд хэцүү. Та бод доо, сүүлийн 30 жил АН-ын удирдлагад хэн байлаа, гэтэл МАН тав, зургаан удирдлага сольсон. Үе нь солигдчихсон.Өөрөөр хэлбэл, МАН институци нам гэж харагддаг.Гэтэл АН тийм биш. 2020 оны нэр дэвшилтийн үед тэр нь бүр тод анзаарагдсан. Хоёр, гурван эрх ашгийн бүлэглэл л хүмүүсээ нэр дэвшүүлж, тэрийг нь иргэд анзаарч хараад сонгоогүй нь бодитой үнэн шүү дээ.