Монголын жүжгийн урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас нэмж, “Найзууд” театрын уран бүтээлчид хамтран бүтээсэн "Гэнэтийн бэлэг" хэмээх романтик жүжгээ энэ сарын 11-нээс эхлэн толилуулах гэж байна.

 Ийнхүү тус жүжгийн албан ёсны хэвлэлийн хурал өнөөдөр "Тусгаар тогтнолын ордон"-д боллоо.

Уг хэвлэлийн хуралд жүжгийн арын албанд ажиллаж буй ерөнхий найруулагч Б.Уянга, хөгжмийн зохиолч Б.Одбаяр, ерөнхий продюсер Г.Мөнхжаргал болон гол дүрийн жүжигчид болох УДЭТ-ын жүжигчин СТА Б.Нармандах, СТА Г.Отгонцэцэг, “Найзууд театр”-ын жүжигчин СТА Э.Ууганбаяр, Дуучин, жүжигчин СТА Д.Лхагваа, Киви хамтлагийн ахлагч, дуучин Д.Уламбаяр, залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг, Б.Билэгдэмбэрэл нар хамтран оролцож, жүжгийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн юм.

Ийнхүү сонирхол татам нэртэй уг жүжгийн төрөл жанрыг уран бүтээлчид нь романтик инээдмийн болон хөгжимт драммын жүжгийн төрлүүдийн нэгдэл буюу мюзиклийн төрөл рүү дөхүүлж хийхийг хичээсэн хэмээн онцолж байлаа.

Цоо шинэ өнгө төрх агуулсан энэхүү жүжиг нь ирэх энэ сарын 11-нд нээлтээ хийж, өдөр бүр 19:00-н цагаас “Тусгаар Тогтнолын Ордон”-ы тайзнаа тоглох юм.