Олон нийтийн сүлжээ сайтаар хамгийн олон хүнийг цуглуулан шууд дамжуулалт хийдгээрээ олноо танигдсан хүн бол О.Осоржамаа юм. Тэрбээр энэ байдлаасаа болж олон нийтээс сайшаал ч хүртдэг, шүүмжлэл ч хүртдэг.

Гэтэл сүүлийн үед хүмүүсийн гадуурхал хэтэрч, түүнийг гудамж талбайд барьж авч, биед нь халдах болсон хэд хэдэн үйлдэл гарсан бөгөөд өнөөдөр ч мөн дахин бусдын халдлагад өртсөн талаар цахим орчинд зургийг нь нийтлэн тараажээ.

Үүнээс гадна хамгийн сүүлд гэхэд л хэдхэн хоногийн өмнө гадуур явж байгаад хэвтэрт ортлоо зодуулсан талаараа лайв хийж байсан юм. Түүнийг хэвтэрт ортлоо зодуулахад нэг ч хүн туслаагүй ба сонгуулиар хамтарч ажилласан хүмүүс нь ч утсаа авахгүй алга болсныг хэлж, хашааны түрээс, идэх хоол хүнсээ залгуулах үүднээс лайваар хандив, тусламж гуйсан билээ. 

О.Осоржамаа ажил хийхийг хүсэж, ажил олгогчдод ханддаг ч "Сэтгэцийн өвчтэй хүнийг ажилд авахгүй" гэсэн хариулт сонсдог. Энэ мэт бэрхшээл туулж ирсэн залуу бүтэн өнчин учир харж хамгаалах хүнгүй өөрийнхөө бор зүрхээр өдийг хүрчээ.