Өндрөөс унаж нас барсан хэрэг дахин гарч олныг цочирдууллаа.Хэргийг тодруулбал, Энэ сарын 5-ны өдөр өглөөний 04.00 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт эмэгтэй хүн өндрөөс унаж нас барсан гэмт хэргийн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Хэргийн газрын үзлэг, шалгалтаар тус хороонд байрлах "Саруул хотхон"-ы 11 давхараас 31 настай эмэгтэй унаж амиа насаа алдсан байжээ.

Энэхүү хэргийг гэр бүлийн хүчирхийллээс үүдэж нэг эмэгтэй өндрөөс унаж нас барсан хэмээн зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар мэдээлжээ. Харин цагдаагийн байгууллагын урьдчилсан шалгалтаар талийгаач ам бүл хоёр, ээжийн хамт тухайн хаяг нь дээрээ оршин суудаг байсан бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Харин ээж нь ажлаас болж сүүлийн долоо хоног сэтгэл санааны хүнд байдалтай байсан хэмээн мэдүүлжээ. Тиймээс ажил дээрээ ямар нэгэн ажлын байрны бэлгийн дарамт шахалт байсан байж болзошгүй учраас шалгалтын ажиллагаа явуулж байна. Талийгаач охин нэгэн хувийн компанид орчуулагч байсан талаар эх сурвалж мэдээллээ.

Өмнө нь "Саруул" хотхонд хэд хэдэн хэрэг гарч байсан. Тодруулбал, өндрөөс үсэрч амиа хорлосон, эгчийгээ хөнөөгөөд шатаасан гэх мэт аймшигт хэргүүд үйлдэгдэж байсан билээ. Мөн дээрх хотхонд гэр бүлийн маргаанаас болж ээжийгээ хутгалан хөнөөгөөд өөрөө өндрөөс үсэрч  амиа хорлосон аймшигт гэмт хэрэг гарч байв.