Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал авах өдөр пүрэв гаригт болно. Сонгууль болох гэж буйтай холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт 2020 оны аравдугаар сарын 14-16-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглох юм. Энэ дагуу лхагва, пүрэв, баасан гаригуудад согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглохоор болжээ.

Мөн өдрүүдэд соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Спортын хороо болон бусад холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудад үүрэг болгосон байна. Түүнчлэн гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийг тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөрт шилжүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг болгожээ.