Өнгөрсөн аравдугаар сарын 1-ний өдөр Cirkle-K дэлгүүрийн хогийн саванд нярай хүүхэд хаягдсан хэрэг мэдээлэгдэж, цагдаагийн байгууллагаас хүүхдийн ээжийг олж тогтоон шалгаж эхэлсэн талаар мэдээлж байсан билээ.

Тэгвэл эхээс төрсөн даруйдаа хогийн саванд хаягдан үлдсэн хүү нас барсан харамсалтай мэдээлэл ирлээ. Нэг кг орчим жинтэй, эрэгтэй хүүхдэд Cirkle-K дэлгүүрийн ажилтнууд яаралтай анхан шатны тусламж үзүүлж, ЭХЭМҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт эмчилүүлж байхдаа биеийн байдал дээрдээгүй гэдэг мэдээлэл бий. Харин эмч нар хүүхдэд шаардлагатай бүхий л эмчилгээг хийсэн ч хүү өчигдөр /2020.11.03/ бурхан болжээ. Хүүхдийн өвчин, амиа алдсан шалтгааны талаар мэдээлэл өгөх боломжгүй гэсэн тайлбарыг ЭХЭМҮТ-ийн талаас мэдэгдсэн. 

Одоогоор хүүхдээ хаясан эмэгтэйн хэргийг шалгаж байгаа бөгөөд хэргийг эцэслэн шийдээгүй байгаа. Хэрэгт холбогдсон 22 настай эмэгтэйг хүнийг санаатай алах, бага насны хүүхдийн амь насыг хөнөөх гэх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Хэрэг эцэслэн шийдэгдвэл, талийгаач хүүгийн ээж Эрүүгийн хуулийн зүйл ангиар 15 жилээс дээш жилийн хорих ялаар шийтгэгдэж болзошгүй юм.