Өнгөрсөн сард МҮОНРТ-д ээлжит бужигнаан болоод өнгөрлөө. Үеийн үед дарга нараа авч хаях хөдөлгөөн өрнүүлж байдаг, санасандаа ч хүрдэг. Ээлжит огцруулах ажиллагаагаараа Л.Нинжжамц захирлаа хөөчихлөө. Ингэж бужигнаад байдгийн зовлонг нь бид ойлгож байна.

Энэ бужигнааныг толгойлж оройлоод байгаа улсууд нь насаараа телевизэд ажиллачихсан хүмүүс. Энэ хэдээр одоо ажил хийлгэе гэхээр хийлгэх ажил алга. Уйгаржин бичиг, урианхай харваа, малчдаар очиж дайлуулсныгаа л гаргахаас өөр юм хийхээ больчихсон Ш.Ёолкоос илүү юм гарахаа больсон.Мөн бидний сайн мэдэх Л.Цагаандалай бол уяач хүн. Адуу мал олонтой. Ажилдаа бараг ирдэггүй. Хаа нэг хурдан морины уралдаан энэ тэр дамжуулж байгаа харагддаг. Морь уралдаж байгааг дамжуулж байснаа “дуугаа хаа” гэж багийнхандаа орилж байгаад өөрийнхөө уяаны морьдыг яах ийхийг зааж зааварлаад явчихна. Ер нь бол МҮОНТелевизээр уяачдын дуу хоолой болж байгаа л харагддаг юм. Заримдаа ч “дуугаа хаа” гэж хашгирахаа мартаад хувийн юмаа яриад явчихдаг. Уяачдын үгийг дамжуулдаг ийм л ажил хийж байгаа харагдах юм. Бидний бага байхад байсан телевизийн хэд одоо ч байж л байгаа харагддаг. Гэтэл тэднээс хэдэн үе доошоо бидний дараагийн үеийнхэн зөндөө гарч ирчихээд байна.

Олон телевиз байхгүй, хэвлэл мэдээллийн хэрэгсэл цөөн үед өөр сонголтгүй учраас олон нийт өнөөх хэдэн нэвтрүүлгийг нь харахаас өөр гарцгүй байлаа л даа.

Ер нь хорь, гучин жил нэг байгууллагад байсаар эзэн аятай суучихдаг явдал аль ч байгууллагад байна.Ядахдаа корона гарчихсан, эдийн засаг хүнд үед хуучны хэдэн сэтгүүлч, хөтлөгчөө хөөгөөд явуулчихъя хэцүү, юм хийлгэх гэхээр хүн үзэх олигтой контент хийхгүй байгаа нь үнэн. Цаг үе гэж юм байна. Шинэ техникийн дэвшлүүд, шинэ санаа бодолтой залуус гараад ирлээ. Үзэгчдийн үзэхийг хүсээд байгаа контентуудыг социализмын үеийн боловсон хүчнүүд нийлүүлж чадахаа больж. Үнэхээр цаг үеэсээ хоцрогдсон байна. Арга ядаад цалингийн доод хэмжээгээр цалинжуулаад сууж байгаа биз дээ. Тэрэнд нь талархах биш, бүр өширхөн, тэмцэх нь гачлантай. Тэгээд үеийн үед өөрт нь ашиг авчрах даргын төлөө байгууллага дотроо бослого хөдөлгөөн өрнүүлдэг. Өнөөх л хэдэн ахмадууд Үйлдвэрчний эвлэлийнхээ нэрийг барьж тэмцэл, хөдөлгөөнийг оройлдог гэж байгаа юм. МҮОНРТ байгуулагдсанаас хойш бүх дарга нараа хавчин, хөөн зайлуулсан байдаг юм. Мягмар гэж хамгийн анхны даргаа хөөж эхлээд М.Наранбаатар, Ч.Даваабаяр, Ц.Оюундарийг хөөж явуулсан. Сая Л.Нинжжамцаа хөөчихлөө. Ямар байгууллага гэхээрээ ийм байдаг юм. Дээр хэлсэнчлэн бослого хөдөлгөөн, тэмцэл өрнүүлэгч нь үеийн үед өнөө л хэдэн хүн байх юм. Дарга явж тэд л үлдэх ёстой юм байх. Тэдгээр настнууд, хуучны хэдэн сэтгүүлч, хөтлөгч нар маань тэтгэвэртээ гарч болдоггүй юм уу. Хэн та нарыг дархалчихаад ирсэн дарга нараа хөөгөөд суу гээ вэ.

Насаараа үндэсний телевизэд ажилласан, тэтгэврийн нас нь аль хэдийнэ болчихсон энэ хүмүүс залуу насандаа ажиллаж байгаа газрынхаа нэр нөлөө, өөрсдийнхөө зүтгэлээр олонд танигдсан. Үгүйсгэхгүй ээ. Энэ бүгдийнхээ ачаар эрхбиш жаахан ч болтугай хуримтлалтай болсон л байлгүй дээ. Хуримтлалгүй байлаа гэхэд үр хүүхэд нь аваад явчих хэмжээнд хүрээ биз. Жар, далан настнуудын хүүхдүүд гэж нас биед хүрээд амьдрал аваад явахаар болсон байлгүй. Монголчууд угаасаа эцэг эхээ асарч өргөхдөө бусад улс орныхноос хаа очиж өөр шүү. Гэтэл ингэж нэр нүүрээ барж хэрүүл тэмцэл хийх нь ямар юмны шударга ёс байхав дээ.Энэ байгууллагын ахмадууд бараг ихэнх нь өөрийн гэсэн хувийн продакшнтай, гадуур хийж байгаа халтууртаа анхаарал хандуулаад явж байдаг юм гэсэн. Хөдөө томилолт нэрээр явж амьжиргаагаа залгуулаад долоо хоногтоо хорин минутын ганц нэвтрүүлэг хийгээд л явж байдаг дархлагдсан хүмүүс цөөнгүй. Томилолтоор явж ирээд байсхийгээд л машин тэрэг эвдэрлээ, осол аваарт орлоо гэнэ. Тэгээд удирдлагын зүгээс нь гэнэтийн ослын даатгалд хамрагд гэхээр л эсэргүүцээд эхэлдэг.

Нэвтрүүлэг, нийтлэлийн бодлогогүй болсон гэж ирээд л тэмцэгчид ярьж байна лээ. Тэдний хэлж байгаагаар бол дарга нь хяналт тавьдаггүй байх ёстой юм байх аа. Олон нийтийн татвараар цалинждаг байгууллагын хүмүүс дур дураараа хүссэнээ нэвтрүүлээд суувал юу болох вэ. Дарга мэдээж хянана. Хариуцлага хар толгойд нь буух юм чинь ямар нэвтрүүлэг бэлдэж байна, хэнтэй ярилцаж байна, төлбөрт зар сурталчилгаа юу орж байгааг хянах нь зүйн хэрэг шүү дээ. Хуулиараа ч захирал нь өдөр тутмын үйл ажиллагаагаа удирдан зохион байгуулна гээд заачихсан.

Олон нийтийн татвараар цалинждаг хүмүүс шүү дээ. Бид ч бас цалин бүрдүүлэгчийн хувьд та бүхнээс шаардах эрхтэй. Ингэж нэр нүүрээ барж байхаар тэтгэвэртээ гарч болдоггүй хэрэг үү, тэр дархлагдсан мэт хүмүүс. Телевизийнхэн тэтгэвэрт гардаггүй хуультай л биш юм бол яагаад энэ байгууллагын ажилд үеийн үед оролцоод явдаг хэрэг вэ. Авьяас тэтгэвэрт гардаггүй гэж ярьдаг. Гэхдээ та нар минь халгисан цалгисан авьяастай билүү дээ. Бид мэднэ шүү дээ, та хэдийгээ. Хэвлэл мэдээллийн бэтэг шиг болж удаан тогтнолоо. Одоо нэгийг нь хөөгөөд явуулсан, дараагийнхыг нь хөөхгүй гэх газаргүй.

Л.Нинжжамц гайгүй л дарга шиг байлаа. Төсвөөс хассан мөнгийг тэр хүн аваад идчихсэн биш дээ. Ямар ч байсан сайн менежер гэдгээ харуулсан. Дараагийн даргаараа уран бүтээлч биш, технократ хүн сонгоосой доо. Уран бүтээлч сонгохоор л аливаа байгууллага балраад явчихдгийг бид ханатлаа харж байна. Эрхбиш аж ахуйн байгууллага аваад явчих дайны хүнээ сонгоосой.