Л.АЛТАНХИШИГ

Ажлын долоо хоног шувтарсан баасан гаргийн шөнө “Согтуу жолооч осол гаргалаа” гэсэн дуудлага Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай дуудлагын утсанд цөөнгүй ирнэ.

Уг нь Авто зам дээр замын цагдаагийн алба хаагчид тасралтгүй эргүүл шалгалт хийх боловч зуу татсан жолооч цагдаагаас зугтаж харанхуй гудамж, нарийн гуу жалгатай замаар зорчин өөрийн болон бусдын амь насыг эрсдэлд оруулах осол руу зүтгэж яваа гэлтэй.

Баримт-1 Сонгинохайрхан дүүргийн VII хороо Хилчин хотхоны замд согтуу жолооч гэрлийн шон мөргөв. Үүгээр ч зогсохгүй дугуй засварын гадаа өвлийн дугуйгаа сольж тавиулж байсан иргэн Б-гийн портер маркийн машиныг мөргөсөн байв. Тухайн үед машин дотор хоёр настай хүүхэд нь байжээ. 

Гэмтсэн эсэхийг нь мэдэхээр ээж нь ГССҮТ рүү хүүхдээ авч явсан гэдгийг хэргийн газар байсан хүмүүс хэлж байсан юм. Харин согтуу жолооч цагдаагийн асуултад хариулж чадахааргүй согтолттой байлаа. Тухайн жолоочийн унаж явсан суудлын жижиг тэрэгний урд хэсэг базаад хаясан цаас шиг болсон байгааг уншигч та ослын зургаас ажигласан байх. 

Зам тээврийн энэ ослын улмаас Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хорооны хэсэг айл өрх гэрэл, цахилгаангүй болов. Учир нь жолоочийн мөргөсөн шон тогтой хэвээр байсан нь эрсдэлтэй орчин үүсгэсэн тул цагдаагийн алба хаагчид хотын шуурхайд дуудлага өгч гэмтлийг засах хүртэл тухайн орчны цахилгааныг салгуулсан юм.

Баримт-2 Сонгинохайрхан дүүргийн II хороонд байрлах авто зогсоол дээр согтуу жолооч автобус мөргөв. Орон нутгийн замд зорчдог жолооч найзуудтайгаа архи ууж улмаар автобусаа зогсоол дээр байрлуулах үедээ өөр автобус мөргөн хаалгыг нь эвдсэн байгааг та харж байна. Маргааш нь холын замд олон хүн тээвэрлэн явах жолооч шөнө нь ийнхүү архи согтууруулах ундаа хэрэглэн осол гаргав. 

Энэ мэт согтуу жолоочтой холбоотой зам тээврийн осол зөрчлөөс сэргийлэх зорилгоор замын цагдаагийн алба хаагчид эргүүл шалгалт хийнэ. Хоногт 40-50 согтуу жолоочийг илрүүлж гарч болох эрсдэлээс сэргийлдэг байна. Цагдаагийн эргүүл шалгалтаар арга хэмжээ тооцуулж байгаа жолооч нар найз нөхөдтэйгээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгээ мэдүүлж байлаа. 

Жолоо барьж явааг нь мэдсээр байж хамт архи уусан найз нөхөр, садан төрлийн хүмүүс нь хорихын оронд “За ойрхон зуурт яав л гэж” гээд өөгшүүлж байгаа нь тухайн хүнийг гэмт хэрэгтэн болгох аюул руу түлхэж байгаа хэрэг юм. Зарим нэг нь согтуугаар жолоо бариад 1-2 удаа цагдаад баригдалгүй өнгөрөх явдал бий. Цагдаа найзаараа аргалуулаад эрхээ хасуулалгүй, баривчлах байранд очилгүй өнгөрдөг нь нууц биш ээ. Гэхдээ олон хавар нэгэндээ гэдэг.

 

Энэ оны эхний арван сарын байдлаар согтуу жолоочийн буруугаас мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд явганаар оролцож яваад 83 хүн зам тээврийн ослоор нас бараад байна. Хэрэв тухайн иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад хүн гэмтэх цаашлаад амь насыг нь хохироосон бол жолоо барих эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хоёроос найман жилийн хорих ялаар шийтгэх хуультай. 

Архи согтууруулах ундаа хэрэглээд согтуудаа машин барьж хүний амь насыг хохироож, өөрөө гэмт хэрэгтэн болж байгаа харамсалтай хэрэг олон гарч байна. Бид цөөхүүлээ. Ядаж хэн нэгнийгээ согтуугаар дайрч хөнөөхгүй байх сэтгэл, соёл бидэнд дутаж байгаа нь өдөр бүр согтуу жолоочийн буруугаас болж гарч байгаа харамсалтай хэргүүдээс харагдаж байна.

 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН