НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Батцэнгэлтэй ярилцлаа.

-Он гарсаар халаасны хулгайн хэчнээн хэрэг бүртгэгдэв?

 -Халаасны хулгайтай холбоотой гомдол мэдээлэл аравдугаар сарын байдлаар нийслэлд 2837 бүртгэгдсэн. Үүнээс 1783 нь гэмт хэргийн шинжтэй, 1054 нь зөрчлийн хэрэг байв. Хохирлын хэмжээнээс шалтгаалан гэмт хэрэг, зөрчил гэж ялгадаг. 300 мянган төгрөгөөс дээш хохирол учруулбал эрүүгийн, дурдсан мөнгөнөөс доош хохиролтой бол зөрчлийн хэрэг нээн шалгадаг.

-Нийт халаасны хулгайн гэмт хэргийн хэчнээн хувь автобусанд гардаг вэ?

-2020 оны эхний есдүгээр сарын байдлаар нийслэлд  2300 орчим халаасны хулгай гарсан. Үүний 49.7 хувь буюу 1175 нь зөвхөн нийтийн тээвэр, автобусны буудал орчим үйлдэгджээ.

-Халаасны хулгайн хэчнээн хувийг гар утас авсан хэрэг эзэлдэг вэ?

-Халаасны хулгайчдын 98 хувь нь бусдын гар утас авдаг. Үлдсэн нь хэтэвч, бичиг баримт, банкны карт, нотебүүк байдаг. 2018 онд холбогдох байгууллагууд хамтран 1200 автобусанд хяналтын камер суурилуулсан. Үүний үр дүнд өмнөх онтой нь харьцуулахад халаасны хулгайн хэрэг 40-50 хувиар буурсан. Гэвч өнөөдрийн байдлаар автобусны камерын тодорхой хувийнх нь ашиглалт дуусаж, эвдэрсэн. Камерын засвар үйлчилгээг нийтийн тээврийнхэн хариуцах уу, “Улаанбаатар смарт” компани хариуцах уу гэдэг нь тодорхойгүйгээс автобусаар зорчигчид хохирсон хэвээр. Сүүлийн үед энэ төрлийн хэрэг гаарч, хохирогчид манай хэлтэст ирсээр байна. Бид мөрдөн шалгах ажиллагаа явуулахад камер унтарсан, бичлэг байхгүй нь бэрхшээл учруулдаг. Үүний дагуу өнгөрсөн сард НЦУГ, Нийтийн тээврийн газар, “Улаанбаатар смарт” компани автобуснуудад хамтарсан шалгалт хийсэн. 23 автобус баазад шалгалт явуулахад 666 автобусанд хяналтын камертай холбоотой зөрчил илэрсэн. 

-Халаасны хулгайн 98 хувь гар утасны хулгай байдаг гэлээ. Үүнийг багасгах ямар арга хэмжээ авдаг вэ?

-Халаасны хулгайч нар нэг онцлогтой. Өнөөдөр нэг хүнтэй хамтраад автобусаар яваад хулгай хийнэ, маргааш нь дахин өөр хүнтэй нийлээд бусдын эд зүйлийг дэлсдэг. Хулгайч нар бие биенээ танина. Тааралдсантайгаа нийлээд хулгай хийдэг. 

үргэлжлэлийг эндээс