Яг одоо засгийн газар ээлжит бус хуралдаанаа хийж байна. Ээлжит бус хуралдаанаар эрсдэлтэй зарим боомтыг хаах эсэхийг хэлэлцэж байгаа гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Учир нь, ачаа тээвэр хийж буй хилийн боомтуудаар коронавирус дамжин орж ирж байгаа бөгөөд цаашид энэ эрсдэл нэмэгдэх магадлалтай байгаа ажээ. Тухайлбал, өнгөрсөн шөнө Алтанбулаг боомтоор орж ирсэн хоёр тээврийн жолоочоос коронавирус илэрсэн гэх мэдээлэл байна. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн батлавал Алтан булаг боомтын үйл ажиллагааг  2020 оны арваннэгдүгээр сарын 16-наас 2021 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл хоёр сарын хугацаатай хаах юм 

Түүнчлэн ОХУ-тай хиллэдэг "Тэрс", "Арц суурь", "Ханх", "Ульхан", "Эрээнцав", "Боршоо" боомтуудыг мөн арваннэгдүгээр сарын 16-наас эхлэн түр хугацаагаар хаах саналыг гаргаж байгаа бол Баян-Өлгий аймгийн "Цагааннуур" боомтод өдрийн зохицуулалт хийх буюу сар бүрийн 2 болон 4 дэх долоо хоногт ачаа тээвэр нэвтрүүлж байхаар зохицуулалтыг хийж, шийдвэрлүүлэхээр болжээ. 

Саналыг маргааш болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм байна.