Өнөөдөр өглөөнөөс эхлэн нийслэлээс гарах хөдөлгөөнийг хааж, сургууль цэцэрлэгүүдийг хаагаад байгаа билээ. Ачаа тээврийн жолооч тусгаарлалтаас гарсны дараагаар гэртээ байх хугацаанд вирус илэрсэн учраас УОК-оос яаралтай арга хэмжээ аваад байгаа. 

Тухайн иргэний явсан маршрутыг гаргаж, ойрын хавьтагч нарыг тогтоон, шинжилгээнд хамруулж тусгаарласаар байгаа бөгөөд хавьтагч нарын шинжилгээний хариу эхнээсээ гарч байгаа аж. Халдвар авсан жолооч нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь-Эхэд цэцэрлэгийн насны хоёр хүүхэд, эхнэрийн хамт ам бүл дөрвүүлээ амьдардаг ба тэд айлын хашаанд хадмууд болон хамаатнуудтайгаа зэрэгцэн амьдардаг байжээ.

Ойрын хавьтал болох эдгээр иргэнийг коронавирусний шинжилгээнд хамруулахад хадам ээж болон тэдэнтэй хамт тоглолт үзсэн дүүгээс нь коронавирус илэрсэн байна.

Коронавирусний халдвар авсан дүү нь МУБИС-ийн оюутан гэх ба тэрбээр өнгөрсөн хугацаанд хичээлдээ явж байсан нь олон тооны хүнд халдвар тархаасан байж болзошгүй нөхцөл байдал үүсгэсэн гэх мэдээлэл байна.