Сэлэнгэ аймагт 74 настай иргэнээс коронавируст халдвар илэрсэн. Энэ хүний ойрын хавьтагч болох бэрээс нь авсан эхний шинжилгээгээр халдвартай нь тогтоогдсон байна.

Одоо баталгаажуулах шинжилгээ хийлгэхээр сорьцыг Улаанбаатар хот руу явуулжээ. Эхний шинжилгээгээр халдвартай гэж гарсан иргэн Дархан-Уул аймагт хоёр хоносон байна. Ингэхдээ хүүхдээ дагуулан томоохон зах худалдааны төвүүдээр явснаас гадна хүүхдээ 60 гаруй хүүхэд байсан тоглоомын төвд тоглуулжээ. Аймгийн онцгой комисс худалдааны төв, гудамж талбайн бүх камерыг шалган энэ хүний явсан зураглалыг тогтоосон байна. Мөн камерын бичлэгт хоёр өдрийн хугацаанд амны хаалт огт зүүгээгүй явсныг тогтоожээ. Дархан-уул аймагт иргэдийг гэрээс гарахыг бүрэн хориглосон. Зөвхөн хүнсний дэлгүүр орох зорилгоор гэрээсээ 200 метрийн радиустай зорчихыг зөвшөөрч байгаа юм. Аймгийн онцгой комисс хөл хориог дахин чангатгахаар төлөвлөж байна.