Манай улсад тархаад байгаа “COVID-19” вирусийн цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгжийн амьжиргаа, үйл ажиллагаанд нэмэр, тусламж болгохоор Засгийн газраас ирэх оны долоодугаар сарын 1 хүртэл ус, дулаан, цахилгааны төлбөрөөс чөлөөлөх шийдвэрийг энэ сарын 13-ны өдөр гаргасан.

Тухайн шийдвэрийг гаргаж, олон нийтэд танилцуулсны дараа тэр орой нь Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээний ачаалал 18 хувиар огцом нэмэгдэв.

 

Үүний улмаас Диспетчерийн үндэсний төвийн хяналтын самбар дээрх мэдээллүүд улаанаар эргэлдэж, сүлжээний зарим тоног төхөөрөмж дээр эвдрэл, гэмтэл гарч, цөөн аймгийн цахилгаан, эрчим хүч доголдоход хүрчээ. Энэ үйл явдлын дараа учрыг магадалбал, гэр хорооллын айлууд цахилгаан халаагуурт олноор шилжсэн байна. Түүгээр ч зогсохгүй амьжиргааны түвшин дээгүүр айл өрхүүд амьдардаг Нүхтийн амныхан эрчим хүчийг “хэт шүтэж”, галлагаагүй юм уу халаалтыг нь зогсоосон байшин, барилга, үнэн худлыг нь нүдээр хараагүй ч нохойныхоо үүрийг хүртэл халаагчаар дулаацуулсан байжээ.

 

Харин эсрэгээрээ тухайн өдөр Дарь-Эх, Хайлааст зэрэг гэрийн хороолол ихтэй бүсэд цахилгааны хэмнэлттэй байсан гэх мэдээлэл ч гарсан. Энд нэг талаас иргэдийн ухамсар, зөөлөн хэлэхэд “гүйлгээ ухаан”, хатуухан яривал шуналын дэв хаана илүү, дутуу байгаа нь харагдсан гэж ойлгож болно. Нөгөө талаас, төр, засгийн шийдвэр бас ч хурдтай байгааг баталлаа. Учир нь, энэ явдлын дараа өнгөрсөн пүрэв гарагт Засгийн газрын хуралдаанаас үүнтэй холбоотой шийдвэр гармагц цахилгаан дамжуулах сүлжээний ачаалал хэвийн хэмжээнд хүрч, хяналтын самбар дээрх тоо нэлэнхүйдээ цагаан буюу өмнөх түвшиндээ болж, тогтворжсон байна. Энэ нь айл өрх, аж ахуйн нэгжүүд коронавирус сураггүй байсан өмнөх оны мөн үед хэрэглэсэн цахилгааны төлбөртэй дүйцэх хэмжээнээс илүү гарах эрчим хүчний мөнгийг өөрсдөө төлөх шийдвэрийг баталсантай холбоотой юм. Ийм шийдвэр гаргаагүй бол цахилгаан дамжуулах шугамын ачаалал хэт ихсэж, тоног төхөөрөмжид эвдрэл гэмтэл гарах, цаашлаад хот даяар харанхуй болох эрсдэлтэй байлаа. Үүгээр бидний ухамсар, үзэл бодол, чанар чансаа ямар байгааг л шалгачихлаа даа.

 

Д.Мөнх

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин