УОК болон Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулж байна. 

-Баянзүрх дүүрэгт үүссэн нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэл өгөөч. Хоёрдугаарт, холбогдох байгууллагуудаас ХӨСҮТ-д шалгалт хийсэн гэсэн. Энэ шалгалтын дүнгийн талаар мэдээлэл өгнө үү. Мөн нэгдүгээр улиралд вакцинд хамруулна гэсэн мэдээллийг тодорхой болгож өгөөч?

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: -Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавирусийн халдвартай хүн арванхоёрдугаар сарын 16-нд илэрсэн. Түүнээс хойш өнөөдрийн хүртлэх хугацаанд тус эмнэлэгээс 62 тохиолдол батлагдаад байна. Тэдний 35 нь өвчтөн. Өвчтөнүүдийн найм нь эмнэлэгт арванхоёрдугаар сарын 11-нээс 16-ны хооронд эмчилгээ хийлгэж байгаад гарсан хүмүүс байгаа. Халдвартай нь батлагдсан 62 хүний 12 нь эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд байгаа бол зургаа нь сахиур, гэр бүлийн гишүүдээс илэрсэн тохиолдол ес байна. 

Баянзүрх дүүрэгт үүссэн халдварын голомт хаанаас эхлэлтэй, халдвар цаашаа хэрхэн тарсан бэ гэдгийг судалж байгаа. Эмнэлгийн орчинд бариа засал, уламжлалт эмчилгээ хийдэг. Үүнээс болж халдвар тарсан. Өвчилсөн хүний тоо нэлээдгүй байх магадлал байгаа нь өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд илэрсэн халдварын тооноос харж болно. 

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн, эмнэлгийн ажилтнуудад эрсдлийн үнэлэгээ хийж, халдвар авсан байх магадлал багатай хүүхдүүдийг шинээр нээгдсэн эмнэлэг рүү шилжүүлэх, эмч, эмнэлгийн ажилтуудыг тусгаарлах байр руу шилжүүлэх зэрэг арга хэмжээ авч байна. 

Өнөөдрийн байдлаар тус эмнэлэгт нийт 248 үйлчлүүлэгч болон эмч, эмнэлгийн ажилтан тусгаарлагдаад байна. 

Шадар сайд Я.Содбаатар: -ХӨСҮТ болон хэдэн хэдэн цэгийг эрсдэлтэй байна гэж УОК үзсэн. Хилийн боомтууд байна. Хилээр коронавирус халдвар дамжин орж ирэх эрсдэл маш өндөр байгаа. Гаднаас дөрвөн онгоцоор иргэдээ татан авч ирлээ. Эдгээр 500 гаруй хүн тусгаарлалтад байна. Гаднаас ирсэн хүмүүсээс халдвар илэрч байгаа. Өнөөдөр Японоос ирсэн иргэдийн шинжилгээний хариу гарна. 

Гуравдахь эрсдэлтэй орчин бол эмнэлэг. Дэлхий нийтээр эмч, эмнэлгийн ажилтнууд хамгийн ихээр халдварт өртөж байгаа. ХӨСҮТ дээр халдвар гарсан нь үнэн. Гурван ч тасгийн эмч, сувилагч нараас халдвар илэрсэн. ХӨСҮТ-д халдвар хамгааллын дэглэм алдагдаж байгааг таслан зогсоох асуудал УОК-д ирсэн. Тиймээс ХЗДХ-ийн дэд сайд С.Баатаржаваар ахлуулсан ажлын хэсгийг томилсноор энэ ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан. 

Нөгөө талд энэ байгууллага 10 сарын хугацаанд улаан, ногоон бүсээр хязгаарлагдаж, хүн оруулахгүй хаалга үүдээ онгойлгохгүй орчинд ажилласан. 00, бохирын усанд техникийн үзлэг хийх, зарим тасгийн ариун цэврийн өрөөний систем эвдрэх, цонх хаалгыг солих асуудал гарсан. Ажлын хэсгээс ХӨСҮТ-ийн ачааллыг бууруулах дүгнэлт гаргасан. Энэ дагуу ачааллыг бууруулан, хөнгөн хүмүүсийг Хан-Уул дүүргийн эмнэлэг рүү шилжүүлэх болон бусад арга хэмжээг авч байгаа. Мөн ариутгал халдваргүйтгэл хийсэн. Тодорхой арга хэмжээнүүдийг авснаар ХӨСҮТ энэ долоо хоногийн сүүлчээс бүрэн хүчин чадлаар ажиллах болно.