Монголын хошин урлагийн шилдэг хамтлагийн нэг “Шинэ үе” продакшны залуу жүжигчид болох  Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар хоорондоо үл ойлголцон маргалдсаны улмаас нэгэн рүүгээ халуун ус цацаж гэмтээсэн талаар зарим нэг сурвалжууд мэдээлж байна.

Тодруулбал, Орхон аймагт энэ сарын 27-ны өдрийн тоглолтын дараа маргалдаж, Ц.Алдармаа Д.Оюунтуул руу буцлам халуун ус цацсанаас Д.Оюунтуул хүнд гэмтэн, биеийнх нь 15 хувь түлэгдсэн байдалтай Улаанбаатар хотод хүргэгдэн ирсэн бол  Ц.Алдармаа ч мөн  түлэгдсэн гэх мэдээлэл байна. Бид энэхүү мэдээллийг “Мобайль Ньюс” буландаа онцолж байна.

СТА, жүжигчин Ц.Алдармаа: “Тоглолтын дараа жүжигчин Д.Оюунтуултай маргалдсан нь үнэн.  Аль маргалдах ам зөрөхийг тэр гэхэв гэж бодоод өрөөнөөс  гарах гээд хаалга онгойлгож байхад  миний нуруу руу Д.Оюунтуул буцалж байгаа халуун ус цацаж, нуруу, цээж түлэгдсэн. Би зөрүүлээд ус цацсан. Учиргүй барьцалдаад зодолдсон зүйл байхгүй.  “Шинэ үе” продакшиний хамт олон энэ үед байсан. Нэг хамт олон, уран бүтээлч  эгч дүүс,  ажлынхаа нэр хүндийг бодоод энэ асуудлыг хэн хэн нь  дэлгээгүй, хуулийн байгууллагад хандаагүй.  Хотод ирээд хүртэл би өөрөө түлэгдчихсэн юмаа гэж Түлэнхийн төвийн эмчид хэлээд эмчилгэгээ аваад гэрээрээ эмчилгээ хийж байна.  Тэгтэл жүжигчин Д.Оюунтуул хотод ирээд сэтгүүлчдэд мэдээлэл өгч намайг ингэж хараар будаж байгааг ойлгохгүй байна. Уг нь би хохирогч ш дээ. Миний талаар  хэн ч юу ч гэж байсан би чимээгүй л байдаг. Хэрвээ тухайн үед уучлалт гуйсан бол зохицоод өнгөрөх байсан.  Над руу эхэлж  ус цацаад, намайг хохироочихоод ингэж мэдээлж, ярьж явааг ойлгохгүй байна.

Би шартай хүн. Гэхдээ би хэзээ ч маргалдснийхаа төлөө ус цацах, цохиод авах хүн биш гэдгийг  л хэлмээр байна.” гэв.  

 Юутай ч жүжигчин бүсгүйчүүд бие бие рүүгээ ус цацсан нь үнэн болж  таарлаа.  Бусдын биед эхэлж халдсан Д.Оюунтуул хуулийн дагуу хариуцлага хүлээх юм.
Гэрчтэй энэ хэрэг хэрхэн шийдэгдэхийг  харах л үлдлээ.  

П.Төгөлдөр