Засгийн газрын ээлжит бус хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарын огцрох, чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцжээ.

Үргэлжлүүлэн 11:00 цагт МАН-ын Удирдах зөвлөлийг Ерөнхий сайдын өрөөнд хуралдуулахаар товлосон байна. Уг хурлаар дараагийн сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэх бололтой.

Шадар сайдаар томилогдох хамгийн өндөр магадлалтай хүнээр Ерөнхий сайдын ахлах зөвлөх, УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр нэрлэгдэж байгаа бол Эрүүл мэндийн сайдын албан тушаалын төлөө намын эмэгтэй гишүүд өрсөлдөж байгаа гэх мэдээлэл байна. 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23.1.2-т "Засгийн газрын гишүүнийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулахдаа захирамж гаргана" хэмээн заасан байдаг.