Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюутолгойн ТУЗ-ийн гурван гишүүний нэгийг нь чөлөөлнө гэдгээ мэдэгдэхдээ нэр заагаагүй ч үг нь Н.Багабандид хаяглагдсан юм.

Тодруулбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Ерөнхий сайдад нэр дэвшигчийн томилгоог хэлэлцэх үеэр УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан “Оюутолгойн ТУЗ-өөс нэн даруй Н.Багабанди гуайг гаргах шаардлагатай. Энэ хүн бол зарчимд нийцэхгүй. Хэвлэлээс бид түүнийг Засгийн газрын хэрэг эрхлэхийн даргыг дарамтлаад Оюутолгойн ТУЗ-д үлдсэн гэдэг мэдээллийг аваад сууж байсан. Одоо Ерөнхий сайдыг дарамталж чадахгүй байлгүй” гэсэн юм.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хамгийн их мэдээлэлтэй хүмүүс төрд ажиллачихаад дараа нь Оюутолгойд ажиллаж, бүх мэдээллийг өгдөг. Үүнтэй холбоотой олон асуудал байна. Цаашлаад Оюутолгойн нэг ТУЗ-ийн гишүүнийг солино. Бид дэлхийн компанитай дэлхийн төвшинд л тоглохоос өөр гарцгүй юм билээ” гэх тайлбар нь Н.Багабандид зориулсан нь тодорхой болж буй.