Нийслэлээс Архангай аймгийн Хайрхан суманд хувийн машинтай очсон иргэдийн нэгийнх нь PCR шинжилгээний хариу нь эерэг гарсан байсан тохиолдол бүртгэгдлээ. 

Тодруулбал, өчигдөр буюу 2021 оны гуравдугаар сарын 14-ний Ням гарагийн өглөө Улаанбаатар хотоос Архангай аймгийн Хайрхан сум хооронд хувийн автомашинтай зорчих хөдөлгөөн хийсэн гурван иргэний нэг нь PCR шинжилгээний хариугаа хүлээлгүй гарч, улмаар замд явахдаа шинжилгээний хариу нь ЭЕРЭГ гарсныг мэджээ.

Хайрхан сумын Онцгой комисс шуурхай ажиллаж, батлагдсан тохиолдлыг суманд нэвтрүүлэлгүй, халдвар хамгааллын дэглэм баримтлан буцаах үйл ажиллагааг зохион байгуулсан аж. 

Одоогийн байдлаар батлагдсан тохиолдлын дуудлагад шуурхай хариу арга хэмжээний мэргэжлийн баг ажиллаж, өвчтөнг хүргэх ажиллагааны баг өглөө 07:00 цагт Хайрханаас Улаанбаатар руу хөдөлсөн байна.

Мөн ЗӨСҮТ-ийн Эцсийн халдваргүйтгэлийн баг, ЭМГ-ын ахлах тархвар судлаач Хайрхан суманд ажиллаж байгаа аж. 

Ингэснээр Архангай аймагт батлагдсан тохиолдол дөрөв болж байна. 

 

Эх сурвалж: Архангай аймгийн Засаг даргын тамгын газар