Говь-Алтай аймгийн Алтай суман дахь 0214 дүгээр хилийн цэргийн ангид алба хааж байсан хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргынхаа аминд хүрээд, зугтсан хэрэг энэ сарын 8-9-нд шилжих шөнө гарсан. Энэхүү хэргийг үйлдсэн байж болзошгүй 19 настай Х, М нар нь Баянтоорой заставт хилийн манаанд гарч байхдаа оройн 18:30 цагийн үед харуулын дарга 34 настай Г-ийн цээжин тус газарт гурван удаа буудаж, амийг нь хөнөөсөн хэргээр шалгагдаж байгаа юм. Тухайн застав дээр харуулын дарга нь дөрвөн байлдагчийн хамт байжээ. Хэрэг гарсны дараа нөгөө хоёр байлдагч нь 25 километрийн зайд орших застав руугаа очиж, хэл хүргэжээ. Улмаар хэрэг явдлын талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад шөнийн 22:58 цагт бүртгэгдсэн байна.

ЦЕГ-ын хамтарсан бүлэг эрэн хайх ажиллагааг эхлүүлж, тус өдрийн шөнийн 03:30 цагт Улаанбаатараас нисдэг тэргээр хөдөлгөөн үйлдэж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн билээ. Тус хэргийг үйлдэхээс өмнө байлдагч Х нь 16:00 цагийн үед ээжтэйгээ утсаар холбогдож “Би хил рүүгээ явж байна. Ээжтэйгээ хамгийн сүүлийн удаа ярьж байна шүү” хэмээн учир битүүлэг үг хэлээд, дуудлага тасарсан байна. Улмаар гэмт хэрэг үйлдсэн гэх цэргүүд АКМ галт зэвсэг хоёр, 47 сумыг авч зугтаажээ. Ийнхүү оргон зугтааж, хилээс 15 орчим километр зайд орших сумын малчин М-ийн гэрт очоод боорцог, гамбир болон улсын дугааргүй “Хурд” загварын мотоциклийг нь гуйж аваад цааш хөдөлжээ.

Улмаар бензин нь дууссан учир цэргийн ангиас 50 орчим километр хол мотоциклоо орхиод, уулаар орж явган зугтсан байна. Цагдаа хүчнийхэн зэвсэгтэй оргосон цэргүүдийг гурван өдрийн турш эрэн хайж, Зөөлөн богд уулнаас энэ сарын 11-ний 10:30 цагт барьж саатуулсан билээ.

ХАРУУЛЫН ДАРГА НЬ ЦЭРГҮҮДТЭЙ САЙХАН ХАРИЛЦААТАЙ БАЙСАН УУ?

Говь-Алтай аймгийн Зөөлөн богд уулнаас цэргүүдийг баривчлахдаа гэр бүлийнхэнтэй нь хамтран ажилласан талаарх мэдээлэл бий. Энэ талаар байлдагч Х-ийн ээж хэлэхдээ “Бид энэ сарын 11-нд өглөөний 10 цагийн үед хүүгийнхээ байгаа газарт очсон. Миний хүү аав, ээжийгээ хараад гараа өргөөд гүйгээд гараад ирсэн. Гэхдээ би хүүгээ таниагүй, турж эцээд нүднээс гарсан байсан. Би хүүгээ тэврээд л авах шиг болоход цагдаа нар араас “Бууг нь арагш хаяул, хаяул” гэж хашхираад байсан. Ингээд хүү маань буугаа хаяад эргэхэд л машин дотроос олон хүн гарч ирээд, хоёр хүүг дараад авсан. Би тухайн үед ухаан алдаад уначихсан байна лээ. Нөхөр минь хүүгээс юу болсныг асуухад “дарамттай байсан” гэж хэлээд уйлаад л машинд суусан гэсэн. Нөхөр минь элэгний өвчтэй, группт байдаг учраас бие нь тааруу байсан. Хүүг минь олуулахаар биднийг авч явж байсан цэрэг, цагдаагийнхан хоёр хүүг барьсныхаа дараа биднийг тэнд нь, уулын мухарт хаячхаад явчихсан” хэмээн хэлсэн юм. Тэгвэл чухам ямар шалтгааны улмаас ийм хэрэг үйлдэх болсон талаар мэдүүлэг өгөхдөө “Байлдааны сумаа дутааж, дурангаа хагалсан. Тиймээс энэ үйлдэлдээ харуулын даргаасаа зэмлэл хүртэхээс эмээж хөнөөх сэдэл төрсөн” гэж хоёр цэрэг хэлсэн талаарх мэдээллийг бий. Харин байлдагчийн ар гэрийнхэн үүнийг үгүйсгэж байгаа юм. Энэ талаар байлдагчийн нагац ах ийн хэллээ. Тэрбээр “Миний дүү надтай маш удаан ярихдаа "Бай буудсан, дуран эвдэлсэн" гэж огт хэлээгүй. Тэгэхээр энэ мэдээлэл худлаа. Ямар нэг өө сэв, алдаа байсан болгож харуулахыг оролдож байна” гэлээ. Цэргийн хүн болохыг мөрөөдөж, баяр хөөртэй явсан хүүхэд чухам ямар шалтгааны улмаас ийм хэрэг үйлдэх болов гэдгийг байлдагчийн нагац ах нэмж “Харуулын даргынхаа дарамт, доромжлолыг тэсэж чадаагүй. Эргүүлд гараад өдөржин яваад хилийн хайчнаасаа буугаад очихдоо даргадаа буудуулах байх гэж айсандаа ийм хэрэг үйлдсэн. Харуулын дарга нь байнга буу цэнэглэж тулгадаг байсан гэсэн” хэмээн ярьжээ. Тэгвэл Харуулын дарга байлдагчдад ямар нэгэн дарамт үзүүлдэг байсан эсэх талаар "Тийм зүйл байгаагүй. Харин ч цэргүүдтэй эвтэй харьцдаг, шүлэг уншиж өгдөг, яруу найргийн талаар бидэнтэй ярилцдаг байсан" гэх мэдээллийг Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга Ш.Лхачинжав өгсөн байдаг.

ӨӨРИЙН ХҮСЭЛ ЭРМЭЛЗЛЭЭР ЦЭРГИЙН АЛБАНД МОРДСОН ХҮҮХЭД ШҮҮ ДЭЭ

Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд, өнгөрсөн оны аравдугаар сард цэргийн албанд мордсон байлдагчийн тухай Ховд аймгийн Чандмань сумын иргэн ярихдаа “Х-гийн хувьд өмнө нь Чандмань сумынхаа ЕБС-д суралцаж байгаад аймгийн төв рүү бөхийн сургуулиар явж байсан. Ингээд сургуулиасаа буцаж ирээд өнгөрсөн жил цэрэгт явахаар шийдсэн юм билээ. Түүний ээж нэг удаа манай дэлгүүрт орж ирээд “Хүү маань цэрэгт явна гэх юм. Уг нь энэ жилдээ өнжүүлэх санаатай юм сан. Тэгтэл явна гээд л зүтгээд байна” гэж надад хэлсэн удаатай. Уг нь өөрийн хүсэл эрмэлзлээр цэргийн албанд мордсон хүүхэд шүү дээ. Ямар сайндаа цэрэгт явахынхаа өмнө дэлгүүрээс маань 40 гаруй мянган төгрөгөөр хувцас хунар аваад л бөөн баяртай амьтан явж байсан юм. Үнэхээр баяртай байсан шүү. Тэгэхээр цэрэгт явах эрмэлзэл дээд зэргээр байсан байгаа юм. Хэрэв хүсээгүй бол эцэг эхдээ хэлээд л явахгүй гээд аюул болдог шүү дээ” хэмээн түүний цэргийн хүн болох хүсэл мөрөөдлийг дурдсан юм. Байлдагч Х-ийн ар гэрийнхэнтэй дахин холбогдоход тэдний зүгээс “Хүү минь армид очоод хоёр сар болоод даргаасаа гуйж, өөрийнхөө зургийг над руу явуулж байсан юм. Тэр зураг дээрээ бандайсан сайхан шар залуу л гарсан байсан. Уг нь хүү маань армидаа явна гээд, бөөн баяртай мордсон сон. Анх хилийн цэрэгт очоод их л сайхан байсан юм шиг байна лээ. Шинэ жилээр тэндээ ахлах байлдагч болсон байгаа юм. Тэгээд цэргийн сургуульдаа 44 хоног дотроо тамирчин дайчин болсон. Тэгтэл хилийн застав руу томилогдоод өвөл сүлжээгүй сар гаруй хугацаанд яриагүй. Би хүүтэйгээ өмнө нь өвлийн ес, аравдвугаар сард холбогдох гэж оролдоход сүлжээгүй байдаг байсан. Улмаар өнгөрсөн гуравдугаар сарын дундуур ярихад дуу нь нэлээн сулдсан байсан. Хүү минь “та гурав минь сайн уу, дүү сайн уу” л гээд байдаг байсан. Тэгээд л төрийн минь сүлд аварч өршөө гээд бодоод л байлаа. Өөрийнх нь хүсэл мөрөөдлөөр цэрэгт явуулсан чинь миний хүүг ялтангийн эгнээнд оруулчихлаа. Ах нь хааяа дүү рүүгээ ярьдаг. Тэгтэл дуу нь сулдсан байна гээд хэлдэг байсан юм. Би хүүгээ үнэхээр таниагүй шүү, хамар чих хоёр л үлдсэн байна лээ. Хүү маань “Ангийн захирагчийн дугаарыг олоод өгөөч” гээд л гуйгаад байсан, тэр захирагчдаа их сайн юм л даа. Утсаар ярих болгонд ангийн захирагч сайн хүн байдаг гэдэг юм” хэмээн ярилаа.

БАЙЛДАГЧ Х-ИЙН ААВ: БИ ӨӨРӨӨ 1990-ЭЭД ОНД ХИЛ ДЭЭР ЦЭРГИЙН АЛБА ХААСАН ХҮН. ЭНЭ ХИЛИЙН ЦЭРГИЙН ПОСТ ГЭЭЧ ЮМАН ДЭЭР ИХ ЯРГА ЯВАГДДАГ, ТЭР ЯРГА ХЭВЭЭР БАЙЖ

Байлдагч Х нь цэрэгт очсоноосоо хойш ар гэрийнхэнтэйгээ хэд хэдэн удаа утсаар ярьсан байна. Өмнө нь аав, ээжтэйгээ ярьж нийт 80 мянган төгрөг шилжүүлж авсан талаарх мэдээлэл бий. Энэ талаар Х-гийн ээж “Утсаар залгаж ярихдаа мөнгө нэхэж, мөнгө их авдаг байсан. Тэгээд ганц нэг удаа гэр бүлтэйгээ ярихад дарга нь хажууд нь байдаг. Миний хүү хэлээч ээждээ, дарамт байна уу гэхэд “Ээж ээ, аавын бие гайгүй юу” л гэдэг. Аавынхаа биед их санаа зовдог юм” хэмээн хэллээ. Цагдаа нар хүүгийнх нь үйлдсэн хэрэг явдлын талаар тэдэнд хэлж, улмаар Ховд аймгаас Говь-Алтай аймаг руу 80 настай эмээ, өвөөг нь дагуулаад гэр бүлээрээ очсон байна. Ингээд хүүтэйгээ мессэж бичиж, аргадан байж уулнаас буулгасан ч, уулзаж чадаагүй хэмээн хоолой зангируулан ярилаа. Байлдагчийн нагац ах нь дүүтэйгээ ууланд байхад нь хэд хэдэн удаа холбогдсон байна. Тэрбээр дүүгээсээ “Үнэхээр тэвчсэнгүй юү. Яагаад хүний амь хөнөөж байгаа юм бэ” гэж асуухад “Харуулын байрны хажуу талын хоолны газарт биднийг байнга зоддог байсан. Буугаа цэнэглээд миний духанд тулгадаг. Тэгээд намайг унатал, ойчтол цохиж, зодож байгаад босоод ирэхээр сумтай, цэнэглэчихсэн буу хүзүүнд тулгадаг. Байнгын зодуур, дарамтад байсан” гээд уйлж байна лээ хэмээжээ. Байлдаг Х-гийн аав яриандаа “Бид мал хунараа хаяад, 80 хүрсэн эмээ өвөө хоёрыг нь аваад, жоохон дүүг нь аваад эрлийн баг дээр нь очсон. Тэгсэн ч биднийг хүүтэй минь уулзуулаагүй аваад явсан. Би өөрөө 1990-ээд онд хил дээр цэргийн алба хаасан хүн. Энэ хилийн цэргийн пост гээч юман дээр их ярга явагддаг, том даргын тушаал байдаггүй. Тэр ярга нь хэвээр байж. Тэр яргыг нь 1990-ээд онд би даагаад ирсэн. Тэгэхэд 30 жилийн зөрүүтэй нийгэм хөгжсөн үед энэ хүүхдүүд чинь даадаггүй юм байж. Хилийн цэрэгт юм өөрчлөгдөөгүй байна. Хүсэл мөрөөдлөөрөө цэрэгт явсан хүүг минь ялтан болгочихлоо” хэмээн хоолой зангируулан ярилаа.

П.САЙНЖАРГАЛ