Г.ЭНХГЭРЭЛ

Өнөөдөр зуны тэргүүн сарын дунд үе. Гэвч зун өвөл, хавар хоёрт хавчигдаад нарны хатавчинд хаяа дэрлэх болов. Гэхдээ охидын даашинзны хормой дэврэн явах нь Туулын ус туялзан мишээхтэй адил. Тэгэхээр зун цаг дуусаагүй аятай. Урин дулаан цагийн өнгөнд хэн хүнгүй амьдрал ахуйгаа дээшлүүлэх, бэлтэй нэг нь амины орон сууцаа солих аянд мордож 100 айлыг хэдэнтээ зорьдог.

Яг энэ мөчид барилга, орон сууцны ажил ид буцалдаг үе. Үүний гэр нь энд тэндгүй нэг хоёр алхаад баригдаж буй барилгатай харц тулна. Өдөр бүр махийтлаа ажиллаж, олсон хэдийгээ нааш цааш нь хурааж, залуус нь эцэг, эхээ зулгаан байж байрны мөнгө, аль эсвэл урьдчилгааны мөнгө цуглуулдаг. Амьдралаа дөнгөж эхэлж буй залуус өөрийн гэсэн гэр оронтой болохын тулд ипотекийн зээл авч байртай болохыг мөрөөддөг. Мөрөөдлийн хажуугаар “Ковид-19” цар тахлын халдвар дэлхийн өнцөг булан бүрд тархаж улс орны эдийн засаг, эрүүл мэнд, соёл урлаг бүхий л салбарт хүнд цохилт болсоор. Үүнээс шалтгаалан улс орнууд хилээ хааснаас үүдэн , бараа бүтээгдэхүүний хомстол, үнийн хөөрөгдөл үүсэх шалтгаан болсон.

Өрлөг, хана, шал, дээвэр, гадна фасад, багаж тоног төхөөрөмж, модон материал, хавтан, сантехник, төмөр арматур гээд том, жижиг бүх бараа материалын үнэ нэмэгдсэн гэдгийг бид өмнөх сурвалжилгуудаараа мэдээлсэн. Гэхдээ орон сууцны үнэ нэмэгдсэн нь дан ганц дээрх шалтгаанаас биш юм. Үндэсний Статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт орон сууцны үнэ 2021 оны эхний хагас жилийн байдлаар 2011 оны эцсээс 78.4 хувиар өссөн дүн гарсан. Арван жилийн дотор ингэж огцом нэмэгдсэн байрны ханш, иргэдийн гар дээр авч буй цалин хөлс, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй харьцуулсан судалгааг харвал даанч өрөвдмөөр тоо гарах нь ойлгомжтой. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар орон сууцны үнэ 2021 оны нэгдүгээр улиралд өмнөх оны мөн үеэс Сонгинохайрхан дүүрэгт 3.6 Чингэлтэй дүүрэгт 0.7 Баянзүрх дүүрэгт 0.6 хувиар тус тус буурсан бол, Хан Уул дүүрэгт 1.3 хувь, Баянгол дүүрэгт 0.8, Сүхбаатар дүүрэгт 0.5 хувиар тус тус өссөн байна. Тэгвэл энэ удаад бид орон сууцны үнийн бодит мэдээллийг сурвалжиллаа.

 

ХОЁР ГҮҮРНИЙ ЦААНА ОРОН СУУЦНЫ ҮНЭ БАГАДАА 130 САЯАС ЭХЭЛНЭ

Бидний нэрлэдгээр хоёр гүүр давж шинээр баригдаж буй барилгын үнэ ханшийг судаллаа. “Оргил” худалдааны төвийн баруун, зүүн талд орон сууцны гурван барилга баригдаж буй. Нэг нь ганцхан сарын дараа ашиглалтад орох бөгөөд байрны захиалга нь үргэлжилж байгаа аж. Үнийн хувьд мкв нь 3.000.000- 3.900.000 үнэтэй. Эндээс 1-2 өрөө байрыг хамгийн багадаа 35-40 мкв-аар бодвол 156 саяын мөнгөн дүн гарна. Харин үлдсэн хоёр барилгын хувьд 2022 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орох учраас урьдчилан захиалга өгвөл мкв-ын үнийг 2.800.000 төгрөгөөр бодох юм . Хан-Уул дүүрэг буюу Зайсангийн энэ хэсэг үнэтэй амины орон сууц, өндөр өртөгтэй байртайг хүн бүр мэднэ. Өөрөөр хэлбэл нийслэлийн зиндаа дээгүүр хэсэг гэж ойлгож болно.

Гэвч байрны үнэ нь хамгийн багадаа 100 сая хол давчихсан байдаг нь хэвийн үзэгдэл үү, эсвэл барилгын материалын үнэ нэмэгдсэн нь орон сууцны мкв-ын үнэдээ нөлөөлсөн үү гэдэг тодорхой бус. Тус компанийн барилгын зураг төслийн инженер О.Батдоржоос лавлахад “Барилгын материалын үнэ өссөн нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Олон удаа хөл хорио тогтооход бүхий л давхаргын иргэдийн амьдралд хүндрэл учирсан. Арматур, төмрийн үнэ бүр огцом өсчихсөн. Манай байрны мкв-ийн үнэ өндөр тул мэдээж чанартай материалаар барих ёстой. Ширхэг хадаасны үнэ нэмэгдэхэд бүтээн байгуулалт буюу орон сууцны үнэдээ өөрчлөлт орж таарна шүү дээ. Бид барилга бариад тэгтлээ баяжсан зүйл байхгүй. Үнэ хөөсрүүлэх гэдэг нь газрын үнийг хэлдэг. Бид 10-15 хувийг нь авдаг” гэв. Үргэлжлүүлэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас орон сууцны үнийг тодорхойгүй шалтгаанаар нэмсэн, хөөрөгдүүлсэн гомдол ирсэн үү хэмээн асуухад “2021 оны эхний зургаан сарын байдлаар орон сууцны үнэтэй холбоотой гомдол ирээгүй. Энэ төрлийн гомдлоос илүүтэй газрын маргаантай холбоотой гомдол, санал түлхүү ирдэг” гэв.

НИЙСЛЭЛИЙН ЗАХЫН ДҮҮРГҮҮДЭД НЭГ ӨРӨӨ БАЙРНЫ ҮНЭ 80 САЯ ТӨГРӨГ

Харин нийслэлийн захын дүүргүүд буюу Сонгинохайрхан, Налайх, Баянзүрх дүүрэгт орон сууцны үнэ мэдээж өмнө нь очсон Зайсангийнх шиг тэнгэрт тулчихсан нь үгүй. Үндэсний статистикийн хорооноос 2021 оны дөрөвдүгээр сарын 15-нд гаргасан судалгаанд орон сууцны үнэ Баянзүрх дүүрэгт 3.6 хувь, Чингэлтэй дүүрэгт 0.7 хувь, Баянзүрх дүүрэгт 0.6 хувиар тус тус буурсан бол, Хан Уул дүүрэгт 1.3 хувь, Баянгол дүүрэгт 0.8, Сүхбаатар дүүрэгт 0.5 хувиар өссөн байна. Ингээд Баянзүрх дүүргийг зорилоо. “Монгол кино” үйлдвэрийн зүүн талд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн баруун талд “Дрийм Апартмент” орон сууцны барилгын ажил явагдаж байх үед очсон юм. 

2022 оны I,II улиралд ашиглалтад орох уг байрны мкв-ийн үнэ 2.500.000 төгрөгийн үнэтэй. Нэг өрөө байр нь 32 мкв-аас эхлэх бөгөөд 80 саяас дээш төгрөг болно.Тус компанийн борлуулалтын албаны мэргэжилтэн Б.Цэрэндолгор “Байрны үнэ нэмэгдээгүй. Манай компанитай гэрээ байгуулаад, 36 сарын хугацаатай хувь зээлд хамрагдвал мкв-ийн үнийг тодорхой хувиар хямдруулна. Түүнчлэн төлбөрөө 100 хувь төлсөн иргэдэд ч бас хөнгөлөлт үзүүлнэ. Ипотекийн зургаан хувийн зээлийг иргэн өөрөө хөөцөлдөн, хамрагдах боломжтой” гэв. Хотын төв биш ч үнэтэй байрны тоонд орохоор байв. Эсвэл бид амьдралаас ингэтлээ хол тасарчихсан ертөнцөд амьдардаг юм уу.

ИПОТЕКИЙН ЗУРГААН ХУВИЙН ЗЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГАД НИЙЦЭХ НЬ ДААНЧ ХЭЦҮҮ

“Дрийм Апартмент” хотхонд зээлээр байр худалдан авах хүсэлтэй ирсэн иргэнээс ямар хүндрэл учирч байгаа тухай лавлахад “Манайх дөрвөн хүүхэдтэй. Одоогоор гэр хороололд амьдардаг. Өнгөрсөн жил зээлд хамрагдах хүсэлтэй байсан ч өрхийн орлого 1.6 саяас дээш байх шаардлага тавьсан. Гэтэл би хүүхдээ хардаг учир ажил хийх боломжгүй . Тухайн үед манай хүний цалин нэг сая төгрөг байсан тул зээлд хамрагдаж чадаагүй. Хүүхдээ хадам ээжээр харуулаад ажилд орсон болохоор одоо зээл бүтэх байх гэж найдаж байна. Бас дээр нь зээлийн батлан даагчийн асуудал хүнд юм билээ. Бүрдүүлэх бичиг баримт нь ч тэр. Иргэний үнэмлэх эх хувиараа байсан ч заавал канондуулж, нотариатаар батлуулахыг шаарддаг энэ хоцрогдсон шаардлагаа болих хэрэгтэй” гэв. Ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийн санхүүжилтийг Монголбанкнаас 2013 онд анх олгож эхэлсэн цагаас хойш 99.9 мянган зээлдэгч жилийн найман хувийн хүүтэй 4.9 их наяд төгрөгийн зээл олгосон баримт байдаг.

Дээр хэлсэнчлэн дөнгөж амьдралаа эхлүүлэх гэж хичээж байгаа залуусын ганц найдвар нь ипотекийн зээл. Тэд зээл авахын тулд эхлээд худалдан авах байртайгаа гэрээ хийж, үүний дараа арилжааны банкнаас зээл авдаг. Даанч хэлж байгаа шиг амархан биш. Арилжааны банк иргэнтэй 160 сая хүртэл мөнгөн дүнтэй зээлийг 360 сар хүртэлх хугацаатай олгодог. Зээл хүсэх иргэнд тавигдах шаардлага нь цагаан толгойн дарааллын А-Я хүртэлх жагсаалт мэт урт аж. Тодруулбал, Монгол Улсын иргэн, 18 нас хүрсэн, эрхзүйн бүрэн чадамжтай, банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөргүй, өрхийн гишүүний аль нэг нь Засгийн газраас хэрэгжүүлсэн “Төрийг албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам”, “Иргэдийг жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэлгүй, зээлийн хугацаанд амь насны даатгалд хамрагдах, 12 сараас доошгүй хугацаанд тогтвор суурьшилтай ажилласан туршлагатай, зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг төрийн банкны дансанд байршуулсан зэргээр хөвөрнө.

Эдгээр нь ердөө л тавигдах шаардлага. Үүнийг дагаад бүрдүүлэх бичиг баримт түүнээс ч урт. “Хэдэн жилийн өмнө хэрэгжүүлсэн “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд бага, дунд орлоготой иргэдэд урт хугацааны зээл олгохоор болсон. Улаанбаатар хотын утааг бууруулах, гэр хорооллын иргэдийг орон сууцанд оруулах бодлогыг барилгын компаниуд дэмжиж бага талбайтай орон сууцыг олноор барьсан. Гэтэл нийслэлд баригдаж байгаа орон сууцны метр талбайн доод үнэ нь 1.5 саяас эхэлж байна. Тавьж байгаа шаардлага нь 2021 оны зургадугаар сарын байдлаар өөрчлөгдөөгүй” гэдгийг Барилга, хот байгуулалтын яамны мэргэжилтэн хэлэв. 

Өнөөдөр орон сууцны үнэ ингэтлээ тэнгэрт хадсан байгаа нь төрийн бодлогоор томьёолсон бага, дунд орлоготой иргэдийн хувьд үнэхээр давахгүй даваа. Журамд заасны дагуу 30 мкв талбай бүхий ганцхан өрөө байр авахад 80 саяас эхэлнэ.Бүтээн байгуулалт өрнүүлж, улс орныхоо хөгжил дэвшилд нэмэр болох нь барилгын салбарын үүрэг. Хэргийн учир нийтийн болон хотын захиргааны эзэмшлийн газар хэн нэг эрх мэдэлтэй хүний гараар орж “хөөсөрдөг” үү, барилгын материалын үнэ өссөн сургаар компаниуд үнээ автоматаар нэмдэг үү гэдэг эргэлзээтэй. Төр орон сууцны үнэд нөлөөлж чадахгүйг бид мэднэ. Угаас зах зээлийн эдийн засагтай нийгэмд боломж үгүй биз. Ингээд байрныхаа 30 хувийг өгч, жаран чавганцын үлгэр шиг зээлд хамрагдсаны дараа 20 жилийн хугацаанд банкны хүүг 50 орчим хувиар нугалж төлдөг.

Гэр хорооллын яндангийн тоог цөөлөх нь утааг бууруулах, хөрсний бохирдол зэрэг олон шалтгаанаас ангижруулахын тулд хамгийн түрүүнд авах арга хэмжээ нь тэднийг орон сууцанд оруулах. Тэд бүгд ядуу, өрхийн орлого бага гэвэл өрөөсгөл. Тэдний дунд хотод суурьшиж, ажил амьдралаа өөд нь татах гэж эрвийх, дэрвийхээрээ зүтгэж байгаа олон иргэн бий. Тухтай, боловсон орчинд, соёлтой амьдрах нь хүн бүрийн мөрөөдөл. Цар тахлын хүнд нөхцөл байдал, хөл хорионоос болж өрхийн орлого нь буурсан, эрхэлж буй бизнес нь дампуурсан иргэд үй олон. Гэтэл байрны үнэ нь тэнгэрт хадчихсан, зээлийн нөхцөл нь дааж давшгүй шалгууртай ийм хүнд нөхцөлд иргэдийн халаасанд байр авахаар тоолж өгөх олон 100 сая төгрөг байтугай, урьдчилгаа 30 хувиа төлөх мөнгө ч тун ховор.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН