Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 190 дүгээр цэцэрлэгийн бага бүлгийн багш Д.Цэнд-Аюуш ангийн хүүхдээ зодсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж байсны дагуу цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан байна.

Энэ хэрэгт  дүүргийн 2 дугаар прокурорын газраас  хяналт тавьж ажилласан бөгөөд яллагдагч Д.Цэнд-Аюушт  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд шилжүүлжээ.

 Эрүүгийн хуулийн 100-р зүйл нь тарчлаах  гэж байдаг бөгөөд багшийг яллаж байгаа  100.1.-д "Байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн нь энэ хуулийн 96, 98 дугаар зүйлд заасан хор уршиг учруулаагүй бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж заасан байна.