Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж, залуучуудын төлөө дуу хоолойгоо нэгтгэдэг байгууллагуудтай хамтран ажиллаж цар хүрээгээ өргөтгөж, залуучуудын өмнө тулгамдаад байгаа асуудлын гарах гарцыг олох, тэдний чөлөөт цаг, ирээдүй хөгжил боловсрол, эрүүл мэндийг дэмжих зорилгоор олон үйл ажиллагаануудыг дэмжигч байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа юм.

МЗХ “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд замын хөдөлгөөний дүрэм, хууль тогтоомжид унадаг дугуйтай холбоотой нэмэлт өөрчлөлтүүдийг тусгах заалтыг оруулах тухай өмнө нь төслийн хэлэлцүүлэг дээр мэдэгдэж байсан юм. Тэгвэл өнөөдөр Замын цагдаагийн газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд  жил бүрийн “Авто машингүй өдөр”-ийг хамтран зохион байгуулах, “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг олон нийтэд таниулж, мэдээлэл сурталчилгааг хамтран явуулах, замын хөдөлгөөний дүрэм, осол эндэлгүй зорчих, аюулгүй байдлын талаарх мэргэжлийн зөвлөгөө, мэдээ мэдээллийг боловсруулан МЗХ-ны МСОНХГ-аар дамжуулан олон нийтэд хүргэх, жолооны сургалтанд дугуйтай зорчигчтой хэрхэн харьцах талаар сургалтын модуль оруулах, чанарын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл ялангуяа хятад мотоциклын осол түүний эрсдэлээс залуучуудыг хамгаалахад хамтран ажиллахаар болсон байна.