--- Баасан лам агсны эхнэр н.Алтанцэцэг, охин Б.Эрдэнэзул нар эх орноосоо урвах гэмт хэрэг үйлдсэн хэргээр саатуулагджээ ---

З.УРСГАЛ

Энэ улсад эзэн байна уу гэх асуулт эрхгүй төрөх. Эх орон, эх оронч гэх ойлголт энхийн энэ цагт үнэ цэнгүй болсон гэдэгт эргэлзэх юм. Эх орноосоо урвах нь уучилж болохгүй үйлдэл. Урвагчид ганц л ял бий гэх үг ч бий. Сүүлийн жилүүдэд “эх орноосоо урвасан” гэх нэр томьёо олон нийтэд сонсогдох болсон. Эрүүгийн хууль дэх эл зүйл ангиар нэг бус хүмүүс шийтгэгдсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр гардаг нь нууц биш.

 

ТҮҮХИЙН ХУУДАСНАА

Монголчууд хэзээнээс урваач шарваач нарт таагүй ханддаг. “Монголын нууц товчоо”­нд өгүүлснээр Чингис хаанд үнэнчээр зүтгэгсдийг өргөмжилж, урвагчийг хатуу цээрлэдэг байж. 

Гүр хан Жамух Чингис хаантай байлдаж дутааж явахад түүний шадар таван нөхөд Жамухыг гардан барьж Чингис хаанд авчирч өгсөнд хаан хилэгнэж: “Хаан эзэндээ халдсан хүнийг хатуу цээрлүүлэх, ийм хүнтэй нөхөрлөж үл болох, ураг төрлийг нь хүртэл устга” хэмээн зарлиг болгосон байдаг. Монголчууд ашиг хонжоо хайж, эзнээсээ урвасан хүнд таагүй ханддаг байсан төдийгүй хууль цааз ч хатуу байж.

ЭДҮГЭЭ ЦАГТ “УРВАГЧ” ГЭЖ ХЭНИЙГ ХЭЛЭХ ВЭ?

Монгол хэлний тайлбар тольд “урвах” гэдгийг “дайсан этгээдийн талд орох, тэрслэх, шударга биш явах” хэмээж. Дэлхийн 200 гаруй улсын дунд Монгол хэмээх тусгаар тогтносон, бүрэн эрхт улс оршин буй. Тусгаар улсын хувьд бид хүсэл зорилготой, эрх ашигтай, мэдээж төрийн нууцтай. Мөн эх орны эрх ашиг хэмээх чухаг зүйлтэй ард түмэн. Тэрхүү эрх ашгаас урвах явдлыг урвагч, эх орноосоо урвагч хэмээн нэрлэдэг. Харамсалтай нь өнөө цагт үзэл бодол, итгэл үнэмшлээсээ урваж буцах явдал жирийн үзэгдэл мэт түгээмэл болчихож.

Шулуухан хэлэхэд, улс төрийн хүрээнийхний дунд энэ явдал хэвийн үзэгдэл мэт. Эх орноосооо урвана гэдэг хортой, тэвчиж болшгүй зүйл. Энэ үйл хэргийн хохирогч нь Монгол Улс, Монголын төр, Монголын ард түмэн. Тийм ч учраас эх орноосоо урвах үйлдлийг Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлэгт Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж томьёолон, Эх орноосоо урвах зүйл анги хэмээн хуульчилж, гэмт хэрэгтэнд 16- 25 жилийн ял оноох эсвэл бүх насаар нь хорих ялаар шийтгэхээр хуульчилсан байдаг.

 

ОРЧИН ЦАГИЙН УРВАГЧИД

1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалаас хойш өнөөдрийг хүртэлх 31 жилд, эх орноосоо урвасан, гаднын байгууллагын “мэдээлэгч” байсан гэх яриа нэг бус удаа сөхөгдөж, зарим нэр холбогдсон нөхөд хууль шүүхийн байгууллагын хаалга татсан нь цөөн бус. Тэдгээрээс хоёрыг эргэн сануулъя. Ахмад дипломатч Д.Цахилгааны хүү Ц.Жаргалсайхан 2010 онд, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөхөөр ажиллаж байхдаа 

Төрийн нууцтай холбоотой мэдээллийг гадаад улсад дамжуулсан буюу эх орноосоо урвасан хэргээр яллагдсан. Түүнд анхан шатны шүүхээс 17 жилийн ял оноосон ч хэргийг Улсын дээд шүүх хянаж үзээд Ц.Жаргалсайханыг эх орноосоо урваагүй, зөвхөн төрийн нууц задруулсан хэмээн ялыг нь бууруулж таван жил хорих ял болгон өөрчилсөн.Тэрбээр төрийн нууцад хамааралтай баримт бичиг гэж мэдэлгүйгээр цахим шуудангаар төрийн өндөр хэмжээний айлчлалын хөтөлбөртэй холбоотой мэдээллийг гадаадын байгууллагад дамжуулсан байдаг. 1997-2009 онд ТЕГ-ын Сөрөх тагнуулын албанд ажиллаж байсан хурандаа В.Нямханд мөн л Эрүүгийн хуульд заасанчлан эх орноосоо урваж, төрийн нууцад хамаарагдах баримт бичгийг задруулсан гэх хэрэгт шалгагдаж эхэлсэн ч цагаатгагдсан. Түүнийг Монголд уул уурхайн чиглэлээр ажилладаг, Хятад эзэнтэй компанийн хэд хэдэн ажилтантай хоёр жил гаруй хугацаанд харилцаа холбоотой байсан гэдэг. В.Нямхандын хэргийг цагаатгахад улс төрийн маш том дэмжлэг орсон гэх яриа ч бий. Эх орноосоо урвасан эсвэл урвахыг завдсан хэмээгдэн нийгэмд дуулиан үүсдэг ч төд удалгүй алга болдог. Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлэг буюу Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх магадлалтай гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулагдсан иргэдийн талаарх мэдээллийг хүргэе.

 

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЗАНАЛХИЙЛЭГЧ БУЮУ БААСАН ЛАМ АГСНЫ ЭХНЭР Н.АЛТАНЦЭЦЭГ БА Б.ЭРДЭНЭЗУЛ

Сайн эцгийн буянаар гэдэг шиг эцгийнхээ нэрийг саар явдалд хутгах улс байх аж. Баасан лам асан ардчиллын анхдагчдын нэг. Тэрээр 1990-оны эхээр Монгол Ардын намыг сэргээн байгуулж, анхны даргаар нь ажиллаж байсан тухай архивын бичиг баримтад тэмдэглэгдэн үлджээ. Ардчиллын анхдагч 13-ын нэг Баасан ламын охин Б.Эрдэнэзул МУИС-ийн Хууль зүйн сургуулийг дүүргэсэн нэгэн. Тэрбээр ээж Алтанцэцэгийн хамт Баасан лам санг үүсгэн байгуулж, ажиллуулж байсан нийгмийн идэвхтэн. 

Эх сурвалжийн мэдээлснээр, тус сан БНХАУ-ын сүм хийдтэй нэн ойр хамтран ажилладаг. Мөн X Богдыг тодруулах ажилд анхаарал хандуулж байжээ. Түүнчлэн тэдний үйл ажиллагааг экс Ерөнхийлөгч Х.Баттулга дэмждэг байсан бөгөөд Түвдтэй холбож өгсөн гэх сураг ч дуулдсан.1924 оноос хойш тодроогүй Богдыг, тэр тусмаа Монголоос тодруулбал, буддын шашны хувьд том дэвшил төдийгүй манай монголчуудад ч нэмэртэй ажил болох нь мэдээж. Наад зах нь X Богдод мөргөж, адис авахаар дэлхийн буддистууд цувж, монголчуудын мөрөөдөл болсон аялал жуулчлалд ч дэм болох нь гарцаагүй. Харамсалтай нь ээж, охин хоёр эх оронч бус үйлдэл хийж, эдүгээ ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид наймдугаар сарын 4-нд саатуулагдсанаас хойш цөөнгүй хонолоо. 

Баттай эх сурвалжийн мэдээллээр тэднийг Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлэг буюу Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг бүр тодруулбал, 19-ийн дөрөвдүгээр зүйлээр буруутган саатуулжээ. Эрүүгийн хуулийн 19- ийн дөрөвдүгээр зүйл нь “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэсэн заалттай. Тус бүлгийн дөрөвдүгээр зүйлийн нэгд, “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Хоёрт, Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ” хэмээжээ. Дээрх нэр бүхий иргэдийн тухайд, бичиг баримт дамжуулсан төдийгүй түүхийн дурсгалт болон шашны эд зүйлс дамжуулсан байж болзошгүй хэмээж байгаа юм.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН