Төрийн болон төрийн бус өмчийн 20 сургууль, 20 цэцэрлэгийг Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэгээр шалгаруулдаг уламжлалтай билээ. Тэгвэл 2021 оны шилдэг улсын сургуулийн нэгээр Орос, Англи, Япон, Солонгос, Хятад, Герман хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 23-р сургууль шалгарлаа.

Тус сургууль  нь зургаан хэлийг гүнзгийрүүлэн судалж, хоёрдогч хэлээрээ англи хэлийг судалж, хос хэлтэй төгсгөж байгаа цор ганц улсын сургууль юм. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 23-р сургууль 1957-1958 онд анхны хичээлийн жилээ 19 бүлэг бүхий 560 гаруй сурагчид, 20 гаруй багштайгаар нээж байжээ. Харин  өдгөө нийт 3600 гаруй сурагч, 169 эрдэмтэн багш, ажилчидтай үйл ажиллагаа явуулж байна.

Нийслэлийн хэмжээнд суралцагчдын сурлага, багш, ажилчид боловсон хүчний чадавх сургуулийн бие даасан байдлыг хөгжүүлж, багш, суралцагчдын ая тухтай ажиллах, суралцах орчин нөхцөлийг бүрдүүлэх, сургалтын чанар хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж “Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэг шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ын дагуу зохион байгуулсан шалгаруулалтаар амжилттай үнэлэгджээ.

Нийслэлийн 2021 оны "Шилдэг сургууль"-иар шалгарсан шагналыг нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар гардуулан өгчээ.

 Шилдэг сургуулийг шалгаруулах үзүүлэлтээс дурдвал,

-Сурагчдын стандарт хэрэгжилт

-Сурлагын амжилт

-Багшийн ур чадвар

-Боловсон хүчний чадавх

-Сургуулийн бие даасан байдлыг хөгжүүлж буй байдал

-Багш, сурагчдын ая тухтай суралцах, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэлт

- Элсэлтийн бодлого

-Хичээлээс гадуурх ажлын үр дүн

-Эцэг, эхийн хамтын үйл ажиллагаа зэргээр сургуулийг дүгнэж шалгаруулжээ.