Ашигт малтмал газрын тосны газраас шатахуун импортлогч аж ахуйн нэгжийн агуулахад өнөөдөр шалгалт хийлээ.

Энэ үеэр шатахууны чанарын тухай АМГТГ-ын нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Төмөр “Агуулахаас гарч байгаа шатахуун дамжуулдаг хоолой нь ёроолоосоо дээш өндөрт буюу стандартын хэмжээтэй байрладаг. Иймд ямар нэг механик хольц буюу ус хүндийн жинтэй учраас доороо тунаж үлдэх ёстой.

Тиймээс шатахуун устай холилдоно гэдэг ойлголт байхгүй. Энэ бодлоо иргэд авч хаях хэрэгтэй. Хэрвээ тийм байсан бол өнөөдрийн ийм хүйтэн үед ус дороо тунаад үлдчихнэ шүү дээ.

Мөн агуулах савнаас гарч байгаа хоолой бүр шүүлтүүртэй тул ус ч байсан, механик хольц ч байсан автомашинд орохгүй.

Иймд тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-үүд чанаргүй бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа гэдэг нь ташаа ойлголт” хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулав.

Мөн АМГТГ-ын шинжээч “Лабораторийн шинжилгээгээр автобензинд 13 үзүүлэлт, дизель түлш дээр 16 үзүүлэлтийг хэмждэг.

Шинжилгээгээр өөрчлөлттэй гарч болох ч яг ийм зүйл нэмсэн гэдгийг гаргах боломжгүй. Дээрх үзүүлэлтийн аль нэг дээр нь өөрчлөлттэй гарвал шууд тухайн бүтээгдэхүүнийг шаардлага хангахгүй байна гэж дүгнэдэг.

Мөн хадгалалтын горим алдагдвал үзүүлэлтүүдэд өөрчлөлт орох боломжтой” гэдгийг тайлбарлав.