Хөгжлийн банкыг чанаргүй зээлдэгчдээ зарлахыг олон нийтийн зүгээс болоод зарим хэвлэл мэдээллийн байгууллагуудаас шахаж, шаардсаны үндсэн дээр энэ сарын 20-нд чанаргүй гэх 26 зээлдэгчийг зарласан. Тус банкнаас 2014-2019 онд олгосны 55 хувь нь чанаргүй гэх ангилалд багтаж буй бөгөөд нийтдээ 841 тэрбумын нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэв санаж буй бол Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны есдүгээр сард Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөхгүй байгаа компаниудыг прокурорт шилжүүлж байгаа тухайгаа мэдээлсэн. Тэрбээр “ЗГХЭГ-аас Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандаж хоёр албан бичиг хүргүүлж байна. Төрөөс зээл авсан асуудалд хохирол тооцох асуудал яригддаггүй. Харин хувь иргэн юм уу компани хохирвол тэр нь хохирол гэж нийгэмд ойлгогддог. Үүний цаана асар их нийтийн эрх ашиг, төрийн өмч хохирдог. Энэ нь мөнгө угаах хэлбэр болж олон улсад ойлгогдон, саарал жагсаалтад хүртэл орж байсан олон тохиолдол байна” хэмээн нэр бүхий 11 компанийг прокурорын байгууллагад өгч байгаагаа зарласан юм. Тодруулбал, Хөтөл ХК-161,4 тэрбум, Мон лаа ХХК-5,6 тэрбум, Бэрэн групп ХХК–102,4 тэрбум, ТОСК ТӨҮГ-355,6 тэрбум, Мак цемент ХХК–166,5 тэрбум, Кью Эс Си-161,5 тэрбум, Эрэл–99,5 тэрбум /Байшин үйлдвэрлэх камбинатын төсөл/, Монгол драй милк–39,4 тэрбум, Строй инвест –3,2 тэрбум, Нью хаппи ХХК-1,5 тэрбум, Монгема ХК-9,9 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлөөгүй байна.

Тэгвэл “Хөгжлийн банк”-наас зарласан 26 компанийн нэрс дотор дээрх 11 компаниас долоо нь зээлээ төлөөгүй хэвээр байна.

  1. “МОН ЛАА” ХХК – 5,6 ТЭРБУМ

“Мон Лаа” компани нь төмрийн хүрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэр барихаар 2014 оны наймдугаар сард 5,6 тэрбумын зээл авснаас хугацаа хэтэрсэн дүн 74 сар буюу 2020 оноос хойш нэг ч төлөлт хийгдээгүй байна. Шүүхээс 8,2 тэрбумын нэхэмжлэл гаргасан бөгөөд одоогоор “дуудлага худалдаа зохион байгуулагдаж байгаа, барьцаа хөрөнгийн шинжээчийн үнэлгээ хийгдсэнээр дуудлага худалдаа эхэлнэ” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэмдэглэгджээ.

  1. “БЭРЭН ГРУПП” ХХК- 102,4 ТЭРБУМ

1990 онд компьютерийн программ хангамж, үйлдвэрлэлийн автоматжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа эхлэхээр байгуулагдаж байсан “Бэрэн” группт өдгөө ороогүй салбар, хийгээгүй ажил бараг л үлдээгүй болов уу. Тус групп 2017 оны 10-р сард Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 7-р хорооллын 720 болон 120 айлын "Ё" блок орон сууцны хороолол барихаар “Хөгжлийн банк”-наас 33,2 тэрбум төгрөг зээлжээ. Сүүлийн 39 сар төлөлт хийгдээгүйн улмаас шүүхээс 43,8 тэрбумыг нэхэмжилсэн бөгөөд хэрэг хаахна яваа нь тодорхойгүй.

  1. “QSC” ХХК- 203,1 ТЭРБУМ

Тус компани 33.4 км төмөр зам барих ажилд шаардагдах санхүүжилт хэмээн 2014 онд “Хөгжлийн банк”-наас 203,1 тэрбум төгрөг зээлжээ. Компанийн жинхэнэ эзнийг бараг энэ улсын эзэн гэгддэг “сахал” хочит Д.Эрдэнэбилэг гэлцдэг. Тэдний хугацаа хэтэрсэн жилийг 44 сар хэмээн үзээд шүүхээс 200 тэрбумыг нэхэмжлээд байгаа юм. Прокурор шаардлагаа ихэсгэсэн гэснээс өөр мэдээлэлгүй байна.

  1. “Эрэл” ХХК- 65,5 тэрбум

Хөгжлийн банкнаас зээл аваад бараг 10-аад жилийн нүүр үзэх гэж байгаа “Эрэл” компани 2013 онд угсармал орон сууц барих нэрийдлээр 65,5 тэрбум төгрөгийн зээл авчээ. Шүүхээс 55 сар хугацаа хэтрүүлсэн хэмээн үзэж 154,4 тэрбумыг нэхэмжилсэн байна. Харин сүүлийн үеийн мэдээгээр бол банк хоёр ч удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 161.9 тэрбум төгрөг гаргуулахаар шаардаж байгаа байж.

  1. “Монгол драй милк” ХХК- 42,6 тэрбум

Хөдөө орон нутгуудад 60 ширхэг хуурай сүүний үйлдвэр байгуулна хэмээн “Монгол драй милк” компани тус банкнаас 2017 оны хавар 42,6 тэрбум төгрөгийн зээл авчээ. Сүүлийн хоёр жил орчмын хугацаанд зээлээ төлөөгүйн улмаас шүүхээс 47,7 тэрбумыг нэхэмжилж дараагийн шүүх хурал товлогдохыг хүлээж байна.

  1. “Монгема” ХХК- 10,4 тэрбум

Мал, махны гарц үйлдвэрлэлийн “Монгема” компани 2017 оны намар муур, нохойн хоол үйлдвэрлэх тоног төхөөрөмж авах, Япон болон бусад улсад экспортлоно хэмээн тус банкнаас 10,4 тэрбум төгрөг зээлснээс нэг тэрбум төгрөгийг нь эргүүлэн төлсөн байна. Төлөлт хийлгүй 38 сар өнгөрсний эцэст 13,2 тэрбумыг нэхэмжилж байгаа юм. Энэ хугацаанд нэг ч удаа шүүх хурал хийгдээгүй байна.

Энэ бол 2019 онд одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зарласан 11 компанийн зургаа нь юм. Хөгжлийн банк чанаргүй зээлдэгчдээ зарласны дараагаар тухайн жилүүдэд захирлаар ажиллаж асан эрхмүүд одоо хаана, юу хийж яваа вэ гэдэг сонирхолтой асуулт гарч ирсэн юм.

Н.МӨНХБАТ /2012-2016/

Хөгжлийн банкыг хамгийн дуулиантай удирдсан эрхэм бол Н.Мөнхбат. Тэрбээр 2012-2016 онд “Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа нийт 489 тэрбум зээл олгосноос үүссэн өр нь 495 тэрбум төгрөг байгаа юм. Түүний албан тушаалаа урвуулан ашигласан, “Мон Лаа” компанид давуу эрх олгосон, Монгол Улсын Хөгжлийн банкинд 5,6 тэрбум төгрөгийн хүнд хор уршиг учруулсан гэх зэрэг үндэслэлүүдийг “гэмт хэргийн шинжгүй” хэмээн үзэж 2021 оны 11-р сард шүүхээс хэрэгсэхгүй болгожээ.

Б.БАТБАЯР /2016-2019/

Тэрбээр 2016 онд “Хөгжлийн банк”ны Гүйцэтгэх захирлаар томилогдсон. Сангийн яамны Төсвийн бодлогын газарт нягтлан бодогч, эдийн засагч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтэс, газрын дарга, Банкны өр барагдуулах алба, Төрийн банк, Хөгжлийн банк болон төрийн өмчит үйлдвэрийн газруудад төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлж ТУЗ-ийн гишүүн, даргаар ажиллаж байгаад тус ажлыг хүлээж авчээ. Ажиллах хугацаандаа нийт 215,5 тэрбумын зээл олгосноос 251 орчим тэрбумын өр үүсгэжээ.

Г.АМАРТҮВШИН /2019 ОНЫ ТАВДУГААР САРЫН 21-ЭЭС 12-Р САРЫГ ДУУСТАЛ АЖИЛЛАСАН/

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин хэдийгээр “Хөгжлийн банк”-ны захирлаар долоон сар орчим ажилласан ч 66 орчим төгрөгийн зээл олгож амжээ. Түүний олгосон зээлээс 88 орчим тэрбум төгрөгийн өр үүсээд байна. Мөн УИХ-ын нэр бүхий гурван гишүүний 33 тэрбумын зээл түүнтэй холбоотой л гэлцдэг.

Энэ мэтээр “Хөгжлийн банк”-наас тэрбум, тэрбумаар нь зээл авсан манай улсын тэрбумтнууд зээлээ эргэн төлөөгүйгээс гадна улсыг өрөнд оруулчихаад зарим нь ордонд хээв нэг сууж байх юм. Энгийн ард өмсөх хувцас, идэх хоолоо хумслан байж хэдхэн сая төгрөгийн зээл аваад эргүүлэн төлж чадахгүй бол шүүхэд дуудагдаж, хэд дахин нугалж төлдөг байхад тэрбумтнуудад хууль ингэж л үйлчилж байна. Хэдийгээр Засгийн Газраас “Хөгжлийн банк”-ны хэргийг АТГ-т шилжүүлэх үүрэг өгсөн ч олон нийт тэгтлээ найдахгүй л байна. Уснаас бүгд л хуурай гардаг хойно. Харин энэ удаагийн “Хөгжлийн банк”-ны хэргийг зүгээр өнгөрүүлж яав ч боломгүй. Үлдсэн 500 тэрбумын чанаргүй зээлдэгчээ хэзээ зарлах вэ, Хөгжлийн банк!!!