Монгол Улс АНУ-ын хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэлийн явцын талаар албаны хүмүүс ИНЕГ-т мэдээлэл солилцох уулзалт, хурлыг хоёр дахь удаагаа зохион байгууллаа.

Хурлаар хоёр улсын хооронд агаарын харилцаа тогтоох, агаарын тээврийн хэлэлцээр байгуулах үйл явц, АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа, тээврийн аюулгүй байдлын агентлагаас шууд нислэгтэй болоход бусад улсад тавьдаг шаардлага, бэлтгэлийн талаар хэлэлцэв. Мөн “МИАТ” ХК-ас Монгол-АНУ хооронд шууд нислэг үйлдэх, тухайн чиглэлийн агаарын хөлөг сонголтын тухай танилцуулжээ.

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан “Энэ нислэг нээлттэй болсноор манай улсын иргэний нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаанд дэвшил гарна. Мөн АНУ-ыг зорих, тус улсаас Монгол Улсыг зорих иргэдийн хувьд цаг хугацаа, мөнгө санхүүгээ хэмнэх давуу талтай” гэв.

Монгол Уулсаас АНУ-д суугаа Элчин Сайд Ө.Батбаяр “Хоёр улсын хооронд шууд нислэг нээх цаг хугацаа, нөхцөл боломж нээлттэй болсон. Энэ ажлыг шуурхайлахын тулд АНУ-ын талтай уулзалт хийж, хэлэлцээр шат шатандаа нааштай өрнөж байна. Бид 2023 онд эхний нислэгээ үйлдэхээр зорьж байна” гэдгийг хэлсэн юм.

“МИАТ” ТӨХК-ны гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир “Монгол Улс АНУ-ын хооронд шууд нислэг хийх нь эдийн засгийн болоод хоёр улсын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой үйл явдал” гэдгийг онцолжээ.

Энэ удаагийн хуралд ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан, ИНЕГ-ын АТБЗГ-ын дарга Г.Батбаяр, ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны ерөнхий менежер Г.Амарцэцэг, “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир, “МИАТ” ТӨХК-ийн Нислэг үйлдвэрлэлийн зохицуулалт, инженерингийн хэлтсийн дарга Э.Гантулга, ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого, зохицуулалтын газрын Агаарын харилцааны тасгийн дарга Д.Түвшинбаяр оролцов. Мөн Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин Сайд Ө.Батбаяр, Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд, Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяа, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн Б.Нямдаваа онлайнаар оролцож санал бодлоо хуваалцжээ.