Дэлхий дахинд цахим тоглоом буюу e-sport эрчимтэй хөгжиж, залуус Монголынхоо нэрийг олон улсын томоохон тэмцээнүүдэд гаргасаар байна. Тэгвэл энэ удаагийн зочноор “IHC goddess” багийн ахлагч А.Золзаяаг урилаа.

 

-Хэзээнээс e-sport-оор  хичээллэж мэргэжлийн түвшинд тоглох болсон бэ?

 

-Бид тоглож эхлээд ойролцоогоор хоёр жил гаруй болж байна.

 

-Тоглогчид тус тусдаа өөрсдийн nickname-тэй байдаг. Таны нэр юу вэ. Багийн гишүүдийг танилцуулвал?

 

-Би "Winter" гэдэг нэрээр тоглодог. “IHC goddess” багийн ахлагч, IGL буюу in game leader хийдэг. Манай баг таван тоглогч, нэг тайлбарлагчтай. Mikasaa, Ena, Winter, Victoria, Lucy гэсэн нэрээр манай багийнхан тоглодог. Тайлбарлагчийг н.Номин-Эрдэнэ гэдэг. Нина гэдэг нэрээр Монголын анхны охидын аварга шалгаруулах тэмцээн “Battle Queens”-ийг тайлбарлаж байсан. Бид “Goddess” багийн олон улсад монголоо төлөөлөн оролцож байгаа томоохон тэмцээнүүдийг Монгол тайлбартай олон нийтэд хүргэхээр зорьж байна.

 

-E-sport эрчимтэй хөгжиж монгол залуучууд дэлхийд өрсөлдөж байна шүү дээ. Тэр дундаас охидууд залуучуудаас дутахгүй гэдгээ харуулж тэнцүү өрсөлдөх болсон. Хэзээнээс охидын баг үүсгэсэн бэ?

 

-Манай баг бүрэлдээд нэг жил хагасын хугацаа өнгөрч байна. Харин “IHC Esports”-т нэгдээд гурван орчим сар болж байгаа.

 

-“IHC Esports”-т нэгдэж нэг баг болохоор сар бүр цалинжих юм уу, урамшуулал авдаг уу?

 

-Манай багт сар бүр гаргасан амжилтыг үндэслэн цалин, урамшуулал олгодог.

 

 

Өөрсдийн хобби, дуртай зүйлээрээ орлого олох хамгийн сайхан гэж боддог.

 

 

-Сүүлд ямар тэмцээнд оров. Ойрын хугацаанд төлөвлөсөн тэмцээн бий юу?

 

-Ойрын хугацаанд оролцсон тэмцээн гэвэл “EC Ladies Showdown” Өмнөд Ази бүсийн охидын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-нд дууслаа. Энэ тэмцээнд манай баг сүүлийн өдрийн тоглолтод гурав дараалан ялалт байгуулснаар “South Asia” бүсээсээ аварга болсон. Ийнхүү Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авч чадлаа. Азийн шалгаруулах тэмцээнд түрүүлэхийн төлөө хичээж тоглоно.

 

-Багийн гишүүн бүр нэгнийгээ сайн ойлгодог байж сайн тоглоно шүү дээ. Тэгэхээр бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?

 

-Манай багийн дасгалжуулагч Н.Дулаанжаргал буюу Abely гэж залуу байдаг. Дасгалжуулагч маань бидний оролцож байгаа тэмцээнүүдийг үзэж, тактикийн тал дээр байнга зөвлөгөө өгдөг. Ялангуяа өрсөлдөгч багуудаа судалж, тэдний тоглолтын онцлог, арга барил дээр анализ хийдэг. Мөн тэмцээн эхлэхээс өмнө гараа халааж "2 vs 2" их тоглодог.

 

-Тоглохдоо гишүүн бүрийн хариуцдаг, хийх ёстой үүрэг гэж байдаг уу?

 

-Багийн гишүүн бүрийн өөрсдийн чадвар, онцлогт тохирсон үүрэгтэй. Тухайлбал, би багийн ахлагч, IGL буюу “in game leader”-ийн үүргийг хариуцаж тоглодог бол Victoria “scout, support” гэсэн үүргийг гүйцэтгэнэ. Энэ нь багийнхнаасаа ямагт түрүүлж хөдөлж очих газраа шалгаж, багийн аюулгүй байдлыг хангах чухал үүрэг байдаг юм. Харин үлдсэн гурван тоглогч болох Ena, Mikasa, Lucy “fragger” буюу 2-3 хүнтэй тулаад унагаах чадвартай.

 

-Эмэгтэй хүүхэд цахим тоглоом тоглолоо гэх шүүмжлэл байдаг. Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авдаг вэ. Дэмждэг үү?

 

-Гэр бүлийнхэн болон найзууд дэмждэг. Өмнө нь эцэг эхчүүд цахим спорт гэхээсээ илүү тоглоом гэсэн ойлголттой байсан. Харин одоо тэр бодол, харах өнцөг нь өөрчлөгдөж цаг үеэ даган спорт гэсэн талаас нь хардаг болсон. Тэгэхээр илүү их дэмждэг. Гэр бүлийнхэн, найзууд ойлгож дэмжихийн хэрээр өөрсдийгөө хөгжүүлэх амжилт гаргах нөхцөл бүрдэж байгаа юм.

 

-Оролцож байсан дэлхийн болон олон улсын чанартай тэмцээнүүдээс дурдвал?

 

-“IHC Goddess” баг Өмнөд Азийн охидын тэмцээнүүдэд үргэлж оролцож өөрсдийгөө хөгжүүлж суралцаж байдаг. Тиймээс одоогийн байдлаар дэлхий, олон улсын чанартай том тэмцээнүүдээс 5-6 аварга авсан байна. Мөн “Battle Queens” Монголын охидын тэмцээний аварга болж байсан.

 

-E-sport гэхээр дэмждэггүй, шүүмжилдэг хүмүүс байдаг даа. Тэр хүмүүст хандаж юу хэлэх вэ?

 

-E-sport нь аль хэдийн нэг төрлийн спорт болтлоо хөгжиж, уламжлалт спортуудын адил дэлхийн  тавцанд хүч түрэн хөгжиж байна. Одоогийн нөхцөл байдлаас бидний төсөөлөөгүй хэмжээнд ч илүү гарах боломжтой. Тэгэхээр хэзээ нэг өдрөөс хүмүүсийн харах өнцөг, бодол өөрчлөгдөж дэмждэг болно гэдэгт итгэлтэй байдаг.

 

 

Б.Бямбажаргал

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин