-ЖИЛ ОРЖ БАЙГАА, УРВАСАН ЖИЛИЙН ҮҮД, ИХ, БАГА ХАРШ, ЛОГОР ЖИЛ ГАРСАН ХҮМҮҮС ЗАСАЛ НОМОО ОЛОН УНШУУЛБАЛ САЙН -

Бусдад Туслахуй Анагаах Ухааны “Манба Дацан” хийдийн зурхайч Д.Сайнсайхантай ярилцлаа.

-Ирж буй Усан бар жилийн өнгө ямар байна вэ?

-Сайжруулагч хэмээх Усан бар жил нь зурхайн шүн номлол судар 60 жилийн онцлогоос үзвэл алт мөнгө, эд баялгаар элбэг болоод хүмүүн жаргалантай болох жил.

Жилийн өнгө хур бороо, ургац, хүн ардын байдлыг шинждэг шороон үхрийн зурлагаар, үхэр нь хөх толгойтой, цагаан ходоодтой, ногоон биетэй, эвэр, сүүл, чих шар, омруу, дөрвөн шийр нь улаан байгаа нь жил болон улирлын эхээр гантай, салхи ихтэй, дөрвөн улирал бүрийн сүүлээр хур элбэг, газар, гал, усны аюулаас сэрэмжил, өвс, ногоо, тариа будаа ургац дунд байна.

Үхэр хариулаач нь идэр залуу хүн, хөх царайтай, шар хувцастай, ногоон бүс бүслээд, унгасан шар шилбүүр барьж, үс нь зүүн чихнийхээ араар хийссэн, баруун чихнийхээ урдуур унжсан байдалтай, хоёр гутлаа бүсэндээ хавчуулаад хөл нүцгэн үхрийнхээ баруун талд тайван алхаж явна. Энэхүү шинжээр идэр залуус болон дунд түшмэдэд ээлтэй сайн амгалан ажил үйлс бүтэмжтэй, бага балчир нялхас болон энгийн ард иргэдэд ширүүн, өндөр дээд суудалтан болон өвгөдөд ширүүвтэр байх төлөвтэй ба жилийн ерөнхий төлөв ард түмэн улс орон хямралтай, ноёд дээдэст гэм их харшлалтай, халдварт өвчнөөс болгоомжлох ёстой гэж харагдаж байна.

-Энэ жилийн тухайд ямар ямар жилтнүүд онцгой засалтай байгаа вэ?

-Гадаад жил буюу жил орж байгаа 13, 25, 37, 49,61,73 нас гэхчилэн бар жилтнүүд заслаа хийлгээрэй.

-Тодруулбал, эдгээр хүмүүст юуг анхаарч, ямар ном уншуулах вэ?

-2010, 1950 онд төрсөн 13 настай хүүхэд, 73-тай хөгшдийн бие, эрүүл мэндийг анхаарч Найман гэгээн, Банзрагч, Лхам тахиул.

1998, 1938 онд төрсөн 25, 85 насанд нөхөр махбодтой жил тул ажил үйлсэд нь их нөлөөлдөг. Засал нь Догсом, Цэнд, Доржнамжимын жавтий айлтгуул.

1986, 1926 онд төрсөн 37, 97 насанд хийморь доройтох, бие өвдөх болон гарз гарлага гарах гэм буй. Засал нь Ширнэн, Догсом, Усан балин, Саа-юм, Цэвэгмэдийн чого, 1974 онд төрсөн 49 насанд эх махбодтой жил

 “Сүлд доройтдог жил” гэж нэрлэдэг бөгөөд засал нь Нити, Хийморийн сан, 1962 онд төрсөн 61 насанд өөрийн махбодтой жил бөгөөд гадны хөнөөл ирэх гэм буй. Засал нь Ширнэн, Сац талби, Цэвэгмэдийн чого тус тус айлтгуулна.

-Жилийн заслын тухайд дээрх номыг уншуулаад болсон гэж үзэж болох уу?

-Үүн дээр тухайн жилийнхээ суусан суудал, эрхшээсэн мэнгэ, нашиддүрсүм, гүймигийн заслыг зурхайчид хандаж гаргуулах хэрэгтэй юм.

-Жил орж байгаа насны хувьд засал ном өөр байх уу?

-Тийм ээ, өөр өөрийн онцлогтой. Нэг насан дээрээ хүн төрдөг учраас амьдрах уу, үхэх үү гэдэг нь шийдэгддэг нас. 13-ны жил тохиолдохоор хүүхдийн бие өвдөх гээд байдаг. Зүгээр нэг өвдөх биш, хүнд хэлбэрээр өвдөх, ужиг өвчинтэй болох магадлалтай. 13-ны жил дээрээ өвдөөд насан туршдаа тэр өвчнөөр өвдсөн, унах, татах гэх мэт өвчтэй болсон хүүхдүүд байдаг. Тэр нь газар лустай хамааралтай. Тиймээс 13-ны жил орж байгаа хүүхдийг догшин газар, найр хуримд дагуулж явахгүй байх, эрүүл мэндийг нь анхаарах хэрэгтэй. 25-ны жил орж байгаа хүн яг сургуулиа төгсөөд ажилд орох гээд байр сууриа олоогүй явдаг. 25-ны жилийг зурхайн ном дээр “Жаргал зовлон ээлжилдэг жил” гэдэг. Ажил үйлсэд нь их нөлөөлдөг.

25-ны жил нь орсон хүмүүсээс “Ажил үйлс нь бүтэж байна уу” гэж асуухаар нь үгүй ч юм шиг, бүр бүтэхгүй байна уу гэхээр бүтэх гээд ч байгаа юм шиг тийм жил. 37-ны жил дээр бие өвдөх, гарз гарах шинж илэрдэг. Мөн энэ жил дээр мэнгэ голлодог учраас хатуу талдаа. 49-ний жилийг зурхайн ном дээр “Сүлд доройтдог жил” гэж нэрлэдэг. Сүлд нь хүний амь настай холбоотой учраас амь насны зэтгэр хөтөлдөг буюу амь насанд хорлол хөнөөл учрах магадлалтай. Тиймээс 49-ний жил дээр хол газар явах, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийж, биеэ энхрийлэх хэрэгтэй. 61-ний жил нь нэг настай хүнтэй адилхан.

Тиймээс үхэх үү, амьдрах уу гэдэг нь шийдэгдэх учраас амь насны тал дээр анхаарч, Цэнд зэрэг амь насны ном уншуулж байх хэрэгтэй. 73-ны жил нь 13-ны жилтэй, 85-ны жил нь 25-ны жилтэй ижил байна.

-Жилийн засал болон онцгой засал номыг ямар давтамжтай хийлгэх хэрэгтэй вэ?

-Жил орж байгаа, урвасан жилийн үүд, их, бага харш, логор жил гарсан хүмүүс засал номоо жилд аль болох олон уншуулбал сайн. Яагаад гэвэл хүнд нөлөөлж байгаа нөлөөллийг багасгах гэж байгаа учраас олон уншуулах тусмаа сайн. Ер нь, жилийн засал номоо жилийн эхээр юм уу, эсвэл 12 дугаар сарын сүүлээр ес эхлэхэд дараа жилийн өнгө ордог гэдэг утгаараа энэ үед их хийлгэдэг.

Хүмүүс сонин, интернэтээс хараад засал номоо хийлгэхээс илүүтэй зурхайчид үзүүлж, гэр бүлийн гишүүн бүр тухайн жилд юуг анхаарч, юу хийж болох, болохгүйгээ мэдэж авч, ямар засал номыг ямар давтамжтайгаар хийлгэхээ мэдэж, ойлгох хэрэгтэй. Зурхайчид хандалгүй заслаа хийлгэсэн, эсвэл өөрөө заслаа хийлгээгүй, эмээ, өвөө юмуу эхнэр, нөхөр нь өмнөөс нь ном уншуулчихсан хүмүүс жилийн дундуур юмуу, сүүлээр асуудал тулгараад ирдэг. Засал номонд хөнгөн хандаж болохгүй. Жилд нэг удаа засал номоо хийлгэхдээ хүмүүс чухалчлах ёстой. Үүнийг үл тоомсорлосон, ээж аавдаа найддаг хүмүүс элдэв барцад саад, асуудал үүсээд ирдэг нь олонтаа.

Мөн жилийн заслаас гадна нууц жилийн харш, мэнгэ, махбодын таарамж тохиромж муу мөртлөө нэг гэр бүл болоод амьдарч байгаа хүмүүс тухайн харшийнхаа заслыг жилд нэг удаа хийлгэх хэрэгтэй. Түүнчлэн хүүхдүүдийнхээ дэмбэрэл буюу төөргийн зурхайг зуруулж, билгийн насаар хэд хэдэн насан дээр нь барцад саадтай байгааг нь урьдчилан танин мэдэж, зан чанараа анхааран засч, засал ном дээрээ нэмж уншуулах хэрэгтэй.

-Энэ “Дэмбэрэлийн зурхай”-н талаараа дэлгэрүүлэн ярьж өгөөч. Ямар учиртай юм бэ?

-Дэмбэрэлийн зурхай буюу хүний насан туршийн төөргийн зурхайг хүүхэд анх төрөхөд зурхайчаар зуруулж сайн зан чанар амьдралыг нь бэлгэдэн ерөөж нэрийг нь өгөх, улмаар өөрийн давуу тал өгөгдлөөрөө мэргэжлээ сонгох, хань ижлээ сонгох, хүнтэй суухгүй байгаа бол хань ижлийн тал дээрх хатуу жил, сар, өдөр, цагт төрсөн эсэх гэх мэт алдаа дутагдлаа нас биед хүрэхээсээ өмнө ном заслаар юмуу өөрийн зан чанар, ертөнцийг үзэх үзэл хандлагаараа засах гэх мэт олон төрлийн өндөр ач холбогдолтой зурхайн зурлага юмаа. 

Одоо 1960 онд төрсөн хүнээс эхлээд дөнгөж төрж байгаа хүүхдүүд ч зуруулж байна. Төрөхөд нь энэ уламжлалыг мэдэхгүй өнгөрөөснөөс амьдралдаа илүү их алдаж байх шиг байна. Амьдрал нь болохгүй, ямар нэгэн асуудалтай байгаа насанд хүрсэн хүмүүс их ирж, зуруулж байгаагаас харагдаж байна. Бурханы сургаальд хүртэл өөрийгөө танин мэдэж байж төгс гэгээрэлд хүрдэг шүү дээ. Бид бүхэн аливаа зовлон бэрхшээлийн уг шалтгааныг гаднаас хайх биш өөрсдийгөө таньж мэдэж, засан залруулж байж арилгана гэдгийг ухаарах хэрэгтэй. Тиймээс энэ мартагдах гээд байгаа маш хэрэгтэй уламжлалт зурхайн ухааны уламжлалуудыг сэргээх тал дээр анхаарч, амьтанд туслах болов уу гэх үүднээс ажилладаг юм.

-Бага насны хүүхдүүддээ сар шинээр засал хийлгэх ёстой юу?

-Зурхайн ёсонд билгийн насаар есөөс доош насны хүүхдэд зурхайг нь тусгайлан зурж, засал ном хийдэггүй. Энэ нь эцэг, эхийнхээ засал, зүг мөрөөр тухайн хүүхдийн засал болчихдог гэсэн үг. 

Гэхдээ есөөс доош насны хүүхдэд бие өвчингүй байх тухайд Бумчин, элдэв ад дон, нялх хүүхдийн 15 хорлол хорлохгүй байх тухайд Загд жүсүм, хүүхдийн Банзрагч гэсэн гурван номыг бичиж өгдөг. Хүүхдэд хамгийн чухал анхаарах ёстой нас нь 13-ны жил орох юм.

-Бар жилтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд заслаа хийлгэхэд ялгаа байна уу?

-Эрэгтэй хүний жил нь угтаж ордог учраас жилийнхээ өмнө нь засал номдоо шамдвал зүгээр. Гэхдээ жил нь орж байгаа бүх эрэгтэй хүнд жилийн өмнө тухайн жилийн шинж тэмдэг, муу нөлөө нь гарна гэсэн үг биш. Ер нь, жилийн өмнө болон тухайн гарсан жил дээрээ жил нь орох тохиолдол байдаг гэдгийг санаж, анхаарах хэрэгтэй. 

Эмэгтэй хүн жилээ дагаж, орж байгаа жил дээрээ жилийн өнгө нь орох учраас засал номдоо анхаарна. Мөн жилийн хойно буюу туулай жилд жил орсны өнгө, нөлөө нь гарах учраас үүнийг анхаарч засал номдоо шамдаж, өөрөөсөө шалтгаалах зүйлдээ анхаарах нь зүйтэй.

-Сүүлийн жилүүдэд 33–ны мөчлөгийн засал гэж их ярьдаг боллоо. 33-ны мөчлөг гэдгийг та тайлбарлаж өгөөч?

-Эрэгтэй хүн эхээс төрөхдөө гал, эмэгтэй хүн усан суудал дээр суудаг. 33-ны мөчлөг дээр төрөхөд анх суусан суудал дээрээ суудаг юм. Харин жил орж байсан мөчлөгүүдийг харахад эрэгтэй хүн 13 насан дээрээ ус, эмэгтэй нь гал дээр суудаг. Тэгэхээр суудлаа сэлгэх болон суудал дээрээ суух үед хатуу нөлөөтэй байдаг.

 Энэ 33-ны мөчлөг буюу эхийн хий нь суудлын гүймигтэй давхцдаг. Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. 9 насны мөчлөгтэй 1, 9, 18, 27, 36, 45, 54, 63 гэх мэт насанд насны гүймигийн заслыг хийлгэх ёстой. Суудлын гүймиг нь эрэгтэй хүн гал, эмэгтэй хүн усан суудал дээр сууж байгаа энэ мөчлөгийг хэлж байгаа юм.

-33-ны мөчлөг таарч байгаа гал морь жилтнүүд ямар засал ном хийлгэх ёстой вэ?  

-33-ны мөчлөгийн талаар бид учир утгыг мэдэх, мэдэхгүй, итгэх, итгэхгүй дом засал арга гэж хийнэ гэж явахаар хүн өөрөө байгалийн, сэтгэлийн амьтан учраас тухайн жилийн эхээс төрөхөд суудаг суудлын гараг эрхэсийн нөлөөг арилган суудлын гүймигийн заслаа сайн хийлгээд ээжийнхээ ачийг санаж баярлуулаад хариуд нь сайн сайхан ерөөл хэлүүлж үнсүүлэх нь зөв гэж зөвлөдөг. Тэгж зөвлөхөөр хүмүүс их гайхдаг л даа. Ном асуух гэж ирсэн чинь ээжийгээ баярлуул гэж хэлдэг ямар сонин юм бэ гэдэг. Хүмүүс айдас, сэжиг ихтэй. 33-ны мөчлөг орох гэж байна, орж байна, заслаа хийлгэхгүй бол болохгүй гэнээ гээд ирдэг. Ажиглаад байхад энэ нь үнэний ортой харагддаг. Жил өнгөрөх гэж байхад 33-ны мөчлөгийн заслаа хийгээгүй хэл ам, хэрэг зарганд орооцолдсон, амьдрал нь бараг л муу тал руугаа хөмөрчих гээд байна гэх залууc олон ирдэг нь харамсалтай санагддаг. Тиймээс 33-ны мөчлөгийн хамгийн том засал нь ээжийгээ баярлуулах юм шүү дээ. Бид эцэг, эхийгээ баярлуулах хамгийн том зүйл бол сайн явж, сайхан зөв амьдарч, бусдад тустай нэр бүтэн явах л гэж би боддог. Хөхүүл хүүхэдтэй эх хүн горьдчихоор ямар ч эмнэлэг, ямар ч мундаг ном горьдоог нь гаргаж дийлдэггүй. 

Харин горьдоог нь гаргасан хойно сэтгэлзүйн хувьд сайхан болоод хөх нь чинэрч зовиурлаж байсан маш хүнд эмгэг нь эдгэчихдэг шүү дээ. Энэ сонин хэрэг шүү. Үүнийг одоо болтол шинжлэх ухаан тайлбарлаагүй байна. Түүнтэй адил ээжийгээ баярлуулж чадвал илүү сайн. 

Энэ бол том нөлөөг засах засал юм. 33-ны мөчлөг нь энэ жил 1990 онд төрсөн Төмөр морь жилтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүст тохиож байгаа. Энэ хүмүүс бусад засал номоо хийлгэхээс гадна энэхүү 33 мөчлөгт хамаарах суудлын гүймигийн заслыг анхаарч хийлгэж, ээжийгээ л баярлуулаарай.

-Хатуу жил гарч байна гэж эмээх хүмүүс их байна л даа.

-Бар жилийн тухайд эмэгтэй хүнд хань ижлийн тал дээр хатуу жил байгаа юм. Бар, морь, луу, нохой, гахай гэсэн таван хатуу жилийн нэг л дээ. Гэхдээ жил хатуу байлаа гээд тухайн хүний амьдрал хатуу байна гэсэн үг биш. Яагаад гэхээр Төөргийн зурхай буюу Дэмбэрлийн зурхайд жил нь хатуу ч нарийвчлаад үзэхээр сар, өдөр, цагийн төөргүүд гэж байгаа юм. 

Энэ төөргүүд нь зөөлөн байвал хатуу жилтэй ч гэсэн тухайн хүний аж амьдрал, хань ижил, амьдралын төөрөг нь сайн байх тохиолдол байна. Тийм учраас жилийн төөргөөр үзэж болохгүй юм.Үүнтэй адил бар жилийг муу жил, хурим найр хийж болохгүй эсвэл хүүхэд төрүүлэхгүй гэж буруу бодож болохгүй. Ингэж буруу бодох нь мухар сүсэг болж байгаа юм.  Түрүүн хэллээ шүү дээ. Энэ бар жил дотор чинь сар гэж байгаа. Тэгэхээр сайн сарыг, сайн өдрийг, сайн цагийг нь харна. Эндээс хамгийн гол нь цагийн үйлийг голчлон харж, найр хурим хийх, бэр гуйх гэх мэт зан үйлийг төлөвлөдөг. Бурханы шашинд жилийг ерөнхий нарийвчлалаар нь хаан, сарыг түшмэл, өдрийг 30 дахин хувааж байгаа нарийвчлалаар нь цэрэг, цагийг мэс гэж үздэг юм. Тэгэхээр хаан бол хүний аминд шууд хүрч чадахгүй түшмэлд зарлиг буулгаад, түшмэл цэрэгт тушаал буулгаад, цэрэг  мэсээр хүний аминд хүрдэгтэй адил цагийн хэмжээс гэдэг нь хамгийн чухал.

Монголчууд эрт дээр үеэсээ аливаа баяр, хуримын зан үйлийг хийхдээ жилийг нь хардаг ч сар, ялангуяа өдөр, цагийг их чухалчилдаг байсан. Тухайн хүний насан туршийн төөргийг гаргахад өдрийн болоод цагийн төөрөг хамгийн нарийвчлалтай мэдээллийг гаргадаг онцлогтой байх жишээний.Ирж байгаа хүмүүс “Энэ жил бэр гуйж болох уу” гэж их асууж байна. Зурхайн аргаар үзэж шинжлэхэд хүүдээ эхнэр авах гэж байгаа эцгийн жил, охиноо өгөх гэж байгаа эцгийн жилээс хамаараад тухайн жилд охиноо өгөх, хүүдээ эхнэр авч болохгүй жил гэж байна. 

Түүнээс гадна билгийн тооллын насан дээр эмэгтэй хүн айлд бэр болж очдоггүй  нас гэж байна. Ийм байдлаас болоод бэр гуйх болон найр хурим хийх эсэхээ үзэж болдгоос биш  тухайн жилийг сайн муу гэж ялгах нь мухар сүсэг шүү. Нөгөө талаас мэдлэг дутмаг байгаагаас мухар сүсгийг бий болгоод байх юм. Үүндээ анхаарах хэрэгтэй болов уу.

-Ярилцсанд баярлалаа.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН