Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн буюу өнөөдөр нийслэлийн хэмжээнд 247 цэгт Цагдаагийн албаны 1000 гаруй алба хаагч замын хөдөлгөөний аюулгүй байдалд анхаарч, хяналт тавин ажиллаж байна.

Халдварын тархалт нэмэгдэж байгаа энэ үед сар шинийн баярыг гэр бүлийнхээ хүрээнд цомхон тэмдэглэх уриалгыг засгийн газар болон Улсын онцгой комиссоос гаргаад буй билээ. Гэтэл замын хөдөлгөөний ачаалал цар тахалгүй сар шинийн баярын үетэй адил их байгаа аж.

Тухайлбал, одоогийн байдлаар Энхтайваны өргөн чөлөөний зам дагуу баруунаас зүүн тийш, баруун дөрвөн замаас таван шар хүртэлх хэсэг, Баянхошуу руу өгсөх зам, Зурагтын шинэ эцэс, Хайлааст орчимд замын хөдөлгөөний ачаалал их байгаа юм. Тиймээс цагдаагийн алба хаагчид эдгээр цэгүүдэд түлхүү  анхаарч, зохицуулалт хийж байна.

Өглөөнөөс хойш замын хөдөлгөөний зохицуулалт хийхэд жолооч нар урсгал сөрөх, замгүй хэсгээр явах гэх мэт зөрчлүүдийг их гаргаж байгаа аж. Тиймээс иргэдийг замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриаллаа.

Мөн хөдөө орон нутгийг зорих иргэдийн хөдөлгөөн тасрахгүй байгаа. Тиймээс тээврийн цагдаагийн албанаас орон нутгийн замд 100 км тутамд цагдаагийн хөдөлгөөнт эргүүл гаргаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад хяналт тавин ажиллаж байна. 

Сар шинийн баярын өдрүүдэд иргэдийн эрүүл, аюулгүй замын хөдөлгөөнд оролцох байдлыг ханган ажиллаж, үүргээ биелүүлэн зогсож буй цагдаа нартаа баярлалаа.

Иргэд та бүхэн онц шаардлагагүй бол баярын өдрүүдэд гэртээ байж, замын хөдөлгөөнд оролцох үедээ өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл, аюулгүй байдлын төлөө дүрмээ баримтлан, соёлтой зорчихыг уриалж байна.