Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр

 "ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс нутагт буюу манай улсын харьяалагддаг бүс нутагт өнгөрсөн долоо хоногт коронавирусийн халдвар 19 хувиар өссөн байна. Энэ өсөлтөд Япон, Өмнөд Солонгос улсад халдвар нэмэгдсэнтэй холбоотой.

Япон улсын хувьд бүүстер тунгийн хамралт бага байгаа нь халдварын тохиолдлын тоонд сөргөөр нөлөөлж байна. Гэсэн ч тус улс хилийн хоригоо бууруулж буй бөгөөд тусгаарлалтын хоногийн 3 болгож бууруулсан.

Тус улсад бүртгэгдсэн нийт баралт 21,000-д хүрчээ.

Мөн БНСУ-д өдөрт 90,000-100,000 орчим тохиолдол шинээр илэрч байна. Нийт нас баралтын тоо 7,300 хүрсэн бөгөөд цаашид өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 200,000-д хүрнэ гэдгийг мэдэгджээ.

Түүнчлэн ОХУ-д халдварын тохиолдол өндөр бүртгэгдэж байгаа. Тус улсад өдөрт 180,000 тохиолдол илэрч, 790-800 нас баралт бүртгэгдэж байна.

БНХАУ-ын Өмнөд бүсэд тохиолдлын тоо нэмэгдэж байна. Тухайлбал, Хонг Конгт 10,000 орчим хүн эмнэлэгт хэвтэхээр хүлээгдэж байгаа бөгөөд өдөрт бүртгэгдэж халдварын тоо 28,000-д хүрэх эрсдэлтэй байгааг мэдэгджээ.

Харин Их Британи, Франц зэрэг улсад тохиолдлын тоо болон нас баралт буурч байгаа тул хилийн хорио цээрийн сулруулж байгаа бөгөөд гадаад улсаас тус улсыг зорьж буй иргэдэд зөвхөн вакцины бүрэн тунтай байхыг шаардаж байгаа юм. Харин вакцинд хамрагдаагүй хүмүүст сөрөг тестийг шаардаж байна.

Мөн Нидерланд, Австри, Швейцарь, Франц зэрэг улсад гуравдугаар сарын эхээр хил дээрх хорио цээрийг цуцалж байгаа.

Дэлхийн улс орнууд хилээ нээж, хорио цээрийг цуцалж байгаа шалтгаан нь коронавируст халдвар цар тахлаас нутагшмал хэлбэр рүү шилжиж байгаа гэж үзсэнтэй холбоотой.

Цар тахлын үед тохиолдол, нас баралтын тоо өндөр, давлагаа огцом өсөлттэй байдаг бол нутагшмал хэлбэрт шилжихээр халдвар байсаар байх боловч нас баралт бага, тохиолдлын тоо огцом өсөлтгүй байдгаараа цар тахлын хэлбэрээс ялгаатай юм.

Тиймээс коронавирусийн халдвар нутагшмал хэлбэрт шилжсэн буюу нас баралт томуугийн хэмжээнд хүрч буурсан нөхцөл байдал нь улс орнуудыг хилээ нээх нөхцөлийг бүрдүүлж байгаа.

Манай улсын хувьд ч халдварын тоо байгаа ч нас баралт эрчимтэй буурсан. Цар тахлын үеийн дельта хувилбарын үетэй харьцуулбал одоо 10 дахин нас баралт буурсан байна.

Мөн эмнэлгийн ачаалал буурч, сүргийн дархлаа хангалттай тогтсон нь манай улсыг хилээ нээх, хил дээрх хорио цээрийн дэглэмийг цуцлах нөхцөлийг бүрдүүлсэн юм" гэлээ.