ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулагдаж буй Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр өглөө “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунинтай уулзлаа.

Өмнө  нь Монгол Улсад ирэхдээ Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж байсан тэрээр энэ удаа төрөлх хотдоо дахин уулзаж буйдаа таатай байгаагаа илэрхийлээд Санкт-Петербургт тавтай зочлохыг хүслээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг УБТЗ-ын ашиг орлогыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцож байгаадаа баяртай буйгаа онцлоод цаашдын хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэхийг хүслээ.

Харин “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунин “Дэлхийн хоёрдугаар дайнд Монголын ард түмэн чин сэтгэлээсээ тусалсан. Бид эртний найрсаг харилцаатай ард түмэн. Өдгөө дэлхий нийтээрээ эдийн засгийн хүндхэн нөхцөлд байна. Энэ байдлаас гарахад манай улсад зохион байгуулагдаж байгаа форум чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна”гэлээ.

Засгийн газрын тэргүүний дараагийн хийх уулзалт нь “Ростех” корпорацийн ерөнхий захирал С.В.Чемезов юм.