Лондоны ICE түүхий эдийн бирж дээр өчигдөр өглөөний арилжаагаар нэг баррель “Брент” маркийн газрын тосны тавдугаар сард нийлүүлэх фьючерс гэрээний үнэ 5.83 хувиар өсч, 111.09 ам.долларт хүрчээ.

Ийнхүү 2014 оны долдугаар сараас хойш газрын тосны үнэ анх удаа 111 ам.доллар давлаа. Харин WTI газрын тосны фьючерс хэлцлийн үнэ 5.68 хувиар өсч, нэг торх нь 109.28 ам.доллар болжээ. 

Харин өчигдөр өдрийн арилжаагаар Лондоны ICE биржид “Брент” маркийн газрын тосны үнэ дахин нэмэгдэж 113.02 ам.долларт хүрсэн байна. 

Сүүлийн өдрүүдэд газрын тосны үнэ огцом нэмэгдээд байгаатай холбоотой дэлхийн тэргүүлэгч орнууд арга хэмжээ авч эхлэв. АНУ газрын тосны үнийг тогтворжуулах зорилгоор нөөцөө гаргахаа мэдэгдлээ. 

Ерөнхийлөгч Жо Байден АНУ стратегийн нөөцөөс 30 сая баррель нефть гаргахад бэлэн байгаагаа зарласан.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН