Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2022.03.10/ мэдээлэл хийв. Тэрбээр энэ үеэр үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд энэ сардаа багтан шилжинэ гэж мэдэгдлээ.

Сайд Л.Энх-Амгалан энэ талаар тайлбарлахдаа Цалингийн доод жишиг Засгийн газрын хуралдаанаар батлагдлаа. Цалингийн доод жишгээс дээш багш нарын цалин хэдэн ч төгрөг байх боломжтой. Багш нарын ажил хүүхдийн сурлагын үр дүнгээр хэмжигдэнэ. Сайн багш өндөр цалин авч, муу багш бага цалин авдаг тогтолцоо руу шилжих шаардлагатай.

Багшийн цалингийн доод жишиг батлагдсан учраас гуравдугаар сарын дундаас үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжинэ. 1-2 сарын үр дүнгийн урамшууллыг нөхөж олгох боломжтой гэж бодож байна.

Багш нарын цалингийн доод жишиг дээшилж байна. Цалингийн доод жишиг дээшилж байгаа учраас үүн дээрээ үндэслэсэн үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо нэвтрүүлнэ. Ажилласан жилээсээ шалтгаан суурь цалингаасаа нэмэгдлээ бодуулна. Нэг жил ажилласан багш 20 жил ажилласан багштай адил цалин авахгүй” гэсэн юм.

Түүний хэлсэн энэ үг олны бухимдлыг төрүүлж эхэллээ. Багш нар "Хүний хөдөлмөрийг сайн, муу гэж дүгнэх нь өрөөсгөл" гэж үзэж буйгаа хэлэв. Салбарын сайдын амнаас ийм үг гарсанд харамсч, эмзэглэх нэгэн ч байна.