“Рио Тинто” групп нь “Туркойс Хилл Ресурс” компанийн нийт энгийн хувьцааны 51 орчим хувийг эзэмшдэг. Үлдсэн 49 хувьд ногдох хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдээс худалдан авах албан ёсны саналаа тус компанийн ТУЗ-д хүргүүлснээ өчигдөр мэдээллээ.

Энэ санал хэрэгжсэнээр Оюу толгой төслийн 66 хувийг “Рио Тинто” групп шууд эзэмших бөгөөд Монгол Улсын Засгийн газрын хувь эзэмшилд ямар нэг өөрчлөлт орохгүй. “Рио Тинто” групп нь Оюу толгой төсөлд шууд хувь эзэмшиж эхэлснээр төслийн засаглал илүү энгийн болж, Монгол Улсын Засгийн газартай илүү үр дүнтэй хамтран ажиллах нөхцөл бүрдэх юм.

“Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм хэлэхдээ “Оюу толгой уурхай нь урт хугацаанд амжилттай ажиллаж, оролцогч талуудад үр өгөөжөө өгч, Монгол Улсын хөгжил дэвшилд тогтвортой хувь нэмэр оруулна хэмээн итгэж байна. “Туркойс Хилл Ресурс” компанийн хувьцааг худалдан авах бидний санал нь бусад хувьцаа эзэмшигчдэд арилжааны таатай нөхцөл бүхий санал гэдэгт итгэлтэй байна" гэв.

Ийнхүү “Рио Тинто” групп нь Оюу толгой төсөлд шууд хувь эзэмшиж эхэлснээр олон улсын зэсийн зах зээлд эзэлж буй байр сууриа бэхжүүлээд зогсохгүй, хүлэмжийн хийг бууруулах дэлхий нийтийн эрчим хүчний шилжилтийг дэмжих том алхам юм” гэв. Энэ саналтай холбоотой аливаа эцсийн тохиролцоонд хүрээгүй байгаа бөгөөд ажил хэрэг болгоход хугацаа орно гэсэн хүлээлттэй байна.

 

 

Ц.Баяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин