Монголын Чөлөөт Бөхийн Холбооны ээлжит бус их хурал өчигдөр /2022.03.19/ болж, холбооны Ерөнхийлөгчөөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий Захирал Х.Бадамсүрэнг сонгожээ.

“Нэгэн зорилгын төлөө нэгдмэл сэтгэлээр урагшилцгаая” уриатай ээлжит бус их хурлаар МЧБХ-ны сүүлийн 13 жилийн талцал хуваагдал, үл ойлголцлыг эцэс болгож, холбооны 29 гишүүнтэй Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталжээ. 

Тухайлбал, МЧБХ-ны Тэргүүн Дэд Ерөнхийлөгчөөр Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар, Дэд Ерөнхийлөгчөөр П.Гансүх, Ерөнхий нарийн бичгийн даргаар П.Буяндэлгэр нарыг сонгожээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цагаан сарын барилдааны өмнө Үндэсний бөхийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзаж, Төрийн ордонд Үндэсний спортын анхдугаар их чуулганыг зохион байгуулан үндэсний спортын холбоодыг нэгтгэсэн. 

Саяхан Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны талцал хуваагдлын асуудлаар хоёр талын төлөөлөлтэй уулзаж, сагсчид ч талцал хуваагдлаа хойш тавьж нэгдэн ажиллахаа илэрхийлээд гарцгаасан. 

Тэгвэл энэ удаа МЧБХ-нд үүсээд байсан үл ойлголцол, хуваагдлын асуудалд ч анхаарал хандуулж, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатараар дамжуулан тус холбооны эв нэгдлийг хангах ажлыг хийсэн бололтой.