Өнгөрсөн амралтын өдрүүдээр гарсан ноцтой хэргүүдийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэл өглөө.

Энэ үеэр бага насны хүүхдийг хүчирхийлж, жирэмсэн болгосон хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан этгээд амиа хорлосон байдалтай олдсон тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэллээ.

Тэрбээр "Бага насны хүүхдийг хүчирхийлэн жирэмсэн болгож, улмаар хүүхэд нь төрсөн хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарсан. Хэргийг тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгаж байгаа.

Уг хэрэгт сэрдэгдэн, эрэн сурвалжлагдаж байсан иргэн өнгөрсөн Бямба гарагт Төв аймгийн Батсүмбэр сумын нутгаас амиа хорлосон байдалтай олдсон.

Энэ талаарх дуудлага энэ сарын 16-ны өдрийн 10:00 цагт цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд хэргийн газарт очиж ажиллахад тус иргэн нь эрэн сурвалжлагдаж байсан этгээд мөн болох нь тогтоогдсон.

Энэ хэргийг Төв аймгийн Цагдаагийн газар мөрдөн шалгаж байгаа учраас одоо дүгнэлт хийхэд эрт байна. Мөн бид прокуророос мэдээлэл өгөх талаар зөвшөөрөл аваагүй тул үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.