Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг анх 1998 онд баталж, 2015 онд шинэчлэн найруулж, 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Хуулийн шинэчлэлээр татвар төлөгчийн бүртгэл, далд эдийн засгийг бууруулах, татварын тэгш шударга байх зарчмыг хангуулах зорилгоор НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголт, сугалааны тохирол гэсэн урамшууллыг нэвтрүүлсэн юм. Гэвч НӨАТ-ын сугалааг 2021 оныг дуустал зогсоосон. Тэгвэл Татварын Ерөнхий газрын татвар хураалтын удирдлага, арга зүйн газрын дарга Р.Мягмаржав “Сугалааны урамшуулал хэрэгжиж эхлээд долоон жил болжээ.

Иргэд, олон нийтээс сугалааг болиулах санал их гаргасан, сугалаанаас иргэд азтан болохгүй байна, шударга бус байна хэмээн шүүмжилсэн тул сугалааны урамшууллыг түр зогсоосон. Өнгөрсөн жилүүдэд зохион байгуулсан сугалааны азтан шалгаруулах явцыг эргэж харна. Цаашид сугалааг ямар хэлбэрээр, урамшууллыг хэрхэн оновчтой тогтоох вэ зэргийг судлахаар Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Сугалааны урамшууллыг ирэх оноос дахин эхлүүлэхээр төлөвлөж байна” хэмээжээ.