УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

Тус намын бүлгийн дарга Д.Ганбат "Манай улсын нэг хүнд оногдох өр 31 сая төгрөг болоод байна. Нийт 33 тэрбум 400 сая төгрөгийн өртэй болсон. МАН-ын засаглалын үед өр хоёр дахин нэмэгдсэн нь гамшгийн байдалд хүрээд байна.

2023, 2024 онд нэг тэрбум, 1.5 тэрбум ам.долларын өрийг төлөхөөр байгаа. Өр тавьсан хүмүүс ямар байдалтай байгааг та бүхэн мэдэж байгаа. Тухайлбал Хөгжлийн Банкны зээл Хувийн хэвшилтэйгээ хариуцлага ярьж байна. Төрийн оролцоотой компаниуд Хөгжлийн Банкны зээлийн 3/1-ийг авсан гэж яригдаж байгаа ч хэн ч юу ч ярихгүй байна. Татвар төлөгчдийн мөнгөөр энэ өрийг төлж болохгүй гэдэг дээр АН-ын бүлэг санал нэгтэй байгаа. 

Дараагийн хэлэлцсэн асуудал бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл юм. Дэмжих боломжгүй хэд хэдэн зүйл заалт байна. Доромжлох, гүтгэх заалтыг Эрүүгийн хууль руу оруулж ирж байгаа. Хэвлэлд үзэл бодлоо илэрхийлсэн, хэвлэн нийтэлснийх нь төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болох гэж байна. 

Тухайлбал намайг данх гэдэг. Улс төрийн албан тушаалтай хүмүүсийг хэлж л байх ёстой. Бүх юм нь шилэн байх хэрэгтэй. Эмзэглээд байх зүйл байхгүй. 

Мөн уг хуульд мөрдөгч эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдыг дуудан болон албадан ирүүлэх эрхтэй байхаар тусгасан байна. Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хууль сахиулагч өөрийн дур зоргоор хүнийг дуудах, албадан ирүүлэх, шүүх прокурорын хяналтаас гадуур үйл ажиллаагаа явуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх нэн чухал хамгаалалтыг үгүй хийсэн хор хөнөөлтэй зохицуулалт болсон. Цагдаа, Авлигатай Тэмцэх Газар, Тагнуулын Ерөнхий Газар зэрэг хууль сахиулах байгууллагын албан тушаалтан ийнхүү прокурорт танилцуулахгүй, шүүхийн шийдвэргүйгээр тухайн хүнийг дуудан ирүүлэх нь дур зоргоороо хэнийг ч хамаагүй албадан ирүүлэх боломжтой болгож байна. 

Уг нь бол сүүлийн хэдэн жил Эрүүгийн хуулийг баталснаас хойш хүмүүсийг цагдаа дураараа дуудан үүдэндээ суулгаад байх боломжгүй болсон. Прокуророос зөвшөөрөл авдаг, баривчлах бол шүүхийн шийдвэр гаргуулдаг байсныг байхгүй болгох гэж байгаа. Дуртай үедээ хэнийг ч хамаагүй цагдаагийн өрөөний үүдэнд өдөр, шөнөгүй суулгадаг болох гээд байна. Энэ бол хүний эрхийг маш их зөрчсөн зүйл заалт учир хуульд нэмэлтээр оруулж болохгүй" гэв.