Одоогоос 19 жилийн өмнө буюу 1995 онд байгуулагдаж, Улаанбаатар хотын иргэдэд олон сувгийн нэвтрүүлэг үзүүлэх үйлчилгээг нэвтрүүлсэн Сансар кабелийн телевиз өнгөрсөн хугацаанд нийслэлийн орон сууцны байруудад сүлжээгээ 100 хувь оруулж, хотыг хэрсэн хамгийн өргөн сүлжээтэй болсон бөгөөд салбартаа анхдагч, тэргүүлэгч байр сууриа хадгалсаар буй.

Тэд жилээс жилд үйл ажиллагаагаа өргөжүүлж, бий болгосон бааз сууриндаа тулгуурлан +40-өөс -40 градуст тэсвэртэй, хамгийн сайн чанарын шилэн кабелийн шугаманд Улаанбаатар хотын оршин суугчдыг холбосноор өндөр хурдны, найдвартай интернэтийн үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүргээд байгаа билээ. Мөн Монголд анх удаа шилэн кабелиар дамжин хүрэх GPON технологийг гэр хорооллын айл өрхөд нэвтрүүлж гигабит хурдаар холбогдох интернэт, аналог болон тоон олон сувгийн телевиз, интернэт утас зэрэг үйлчилгээг үзүүлж эхэлсэн юм.

Одоо орон сууцны айл өрхүүд олон сувгийн телевиз болон интернэтийн үйлчилгээ авах, цаашлаад интернэт телефон, хяналтын камер болон IP-д суурилсан бусад шинэ үйлчилгээнүүдийг нэмэлт шугам таталгүйгээр, нэг шугамаар хүлээн авах бүрэн боломжтой болсон. Тус компанийн зүгээс шугам сүлжээний хамрах хүрээгээ тэлж, найдвартай байдлыг нь хангахын зэрэгцээ үйлчилгээндээ шинэчлэлт хийж, сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг нэвтрүүлсээр байна. Тухайлбал, аналог системийн хэрэглэгч HD хүлээн авагчийг (HD box)  тавиулснаар шууд тоон системд холбогдох боломжтой. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч дахин сүлжээ татах, хаалга ханаа цоолох шаардлагагүйгээр дуу дүрсний өндөр чанар бүхий тоон телевиз хүлээн авах боломжтой бөгөөд телевизийнхээ зэрэгцээ интернэт нэмж авах бол модем холбуулахад л болох ажээ.

Өндөр хурдны интернэт нь бие даасан шугамаар дамжих учир IPTV шиг орцны айлуудтай хурд хуваах, хэрэглээнээс хамааран хурд хэлбэлзэх, кабель тасрахад хамт тасрах зэрэг асуудал үүсэхгүйгээрээ давуу талтайг онцлон хэлэх нь зүй. Үүнээс гадна орон сууцанд байрлуулсан шилэн кабель нь гадны нөлөөлөлд автаж гэмтэхийг эс тооцвол элэгдэх явц маш удаан, бат бөх байдаг. Тиймдээ ч интернэт холболтын найдвартай байдал, инженер техникийн ажилчдын туршлагаараа манлайлдаг тус компанитай төр, олон нийтийн болон бизнесийн тэргүүлэгч байгууллагууд түншилсээр байна.