Шинэчлэн найруулсан Үндэсний их баяр наадмын тухай хууль, Засгийн газрын тогтоолоор баталсан хурдан морины бүсийн уралдааны хуваарийн талаар Монголын морин спорт, уяачдын холбооноос мэдээлэл хийлээ. 

Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн Б.Золбоо "Өвөрхангай аймгийн баяр наадмыг долдугаар сарын 25-27-ны өдөр, Баянхонгор, Хөвсгөл,  Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн баяр наадмыг долдугаар сарын 29-31-ний өдөр зохион байгуулахаар тогтоож өгсөн.

  • Баруун бүсийн уралдаан долдугаар сарын 29-31-ний өдөр Ховд аймагт
  • Хангайн бүсийн уралдааныг долдугаар сарын 29-31-ний хооронд Хөвсгөл, Өвөрхангай, Баянхонгор аймагт
  • Төвийн бүсийн уралдаан долдугаар сарын 29-31-нд нийслэлийн Налайх дүүрэгт,
  • Говийн бүсийн уралдаан долдугаар сарын 29-31-нд Дундговь аймагт 
  • Зүүн бүсийн уралдаан долдугаар сарын 29-31-нд Сүхбаатар аймагт 
  • "Их хурд-9" уралдаан долдугаар сарын 22-24-нд Хэнтий аймагт болно. 

ММСУХ уралдаанч хүүхдийн асуудал дээр анхаарал хандуулж ажилладаг. "Их хурд-9" уралдаанд түрүүлсэн морийг унасан хүүхэд нэг өрөө байраар шагнуулна. Түрүүлсэн морины эзнийг гурван өрөө байраар шагнах юм. Зөвхөн уралдаан биш морьтны өв соёлыг дэлгэрүүлэх үүднээс "Их хурд-9" уралдааны үеэр олон үйл ажиллагааг зохион байгуулна" гэв. 

Хууль, дүрэм баримтлахгүйгээр морь уралдуулбал улсын цол олгохгүй

Тус холбооны тэргүүлэгч гишүүн, хуульч Э.Ганхөлөг "Шинээр батлагдсан Үндэсний баяр наадмын тухай хуулийн 21.3 дахь хэсэгт морин уралдаантай холбоотой зохицуулалт бий. Монгол үүлдрийн адууны стандартыг шинэчлэн боловсруулж батлуулах хүртэл хугацаанд үндэсний морин уралдааныг энэ хуулийн 15.1.1-т заасны дагуу Засгийн газраас баталсан дүрмээр зохицуулна гэж тусгасан. 

2022 оны 257 дугаар тоот тогтоолоор батлагдсан Үндэсний баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийг шинэчлэн баталсан. Иймд уг дүрмийг бүсийн болон Засгийн газрын тогтоолтой уралдаануудад барьж ажиллана. Тус дүрмийн дөрөвдүгээр зүйлд хурдан морьдын уралдах зайг зааж өгсөн. Харин тавдугаар зүйлд нь хурдан морьдыг шүдлэх, сэрвээ хэмжих талаар бий. Зарим уяачдын хувьд дутуу ойлголттой зүйл бол сэрвээ хэмжих гэсэн дүрмийн зохицуулалт юм. Сэрвээг лазер төхөөрөмжөөр хэмжинэ. Бүсийн уралдааныг мөн энэ заалтаар хэмжиж уралдуулна. 

ММСУХ 21 аймаг, 330 сумын салбар хороодоор дамжуулан үйл ажиллагаа явуулдаг. Аймгийн салбар холбоод аймгийнхаа Засаг даргын Тамгын газартай, төв ММСУХ-той гуравласан гэрээ байгуулж эдгээр дүрмийг мөрдөж ажиллахаар болсон. Тиймээс нийт уяач нар бүтэн жилийнхээ хөдөлмөрийн үнэлүүлэхийн тулд зохион байгуулагчдад шаардлага тавьж ажиллаарай гэж хэлмээр байна. Шинээр батлагдсан дүрмийнхээ хүрээнд хэрүүл маргаангүй, морь, хүүхэд мэнд сайхан наадсан бүсийн уралдааныг зохион байгуулаасай гэж хэлье.

Шинээр батлагдсан баяр наадмын тухай хууль, хурдан морины уралдааны дүрмийг баримтлахгүйгээр бүсийн наадмыг зохион байгуулбал улсын цол олгохгүй" гэлээ.