БНХАУ наймдугаар сарын гуравны өдрөөс эхлэн Тайвань руу элс нийлүүлэхээ зогсоохоор болжээ. Энэ талаар БНХАУ-ын Худалдааны яам мэдэгдсэнийг Синхуа агентлаг дамжуулсан байна. 

 

Ийнхүү элс нийлүүлэхээ зогсоохоор болсон нь "хүчин төгөлдөр үйлчилж буй эрхзүйн актуудын дагуу гаргасан шийдвэр" гэж Худалдааны яам онцолжээ. Түүнчлэн Тайваниас цитрусийн төрлийн жимснүүд болон хоёр төрлийн загасан бүтээгдэхүүн импортлон авахаа зогсоосон байна. Элс нь барилга болон шил үйлдвэрлэхэд ашиглагддаг бөгөөд Тайваньд энэ төрлийн нөөц хомс байдаг юм. Тиймээс Тайвань Хятадаас элс импортолдог байв.

 

Энд дуулгахад, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Тайваньд айлчилж байгаатай холбоотойгоор БНХАУ, Тайванийн хоорондын харилцаа хурцадсан. Айлчлалтай холбоотойгоор БНХАУ-ын Гадаад хэргийн яам шийдэмгий эсэргүүцэл илэрхийлсний дээр энэ айлчлал нь "нэг Хятад" бодлогын зарчимтай харшилдаж байгааг онцолсон юм.Харин АНУ "Пелосигийн айлчлал нь АНУ Тайванийн тусгаар тогтнолыг дэмжиж байгааг илтгэхгүй" хэмээн мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

www.Shuud.mn