НӨАТ-ын сугалааны ирэх сараас сэргээн зохион байгуулахаар болсон. Үүнийг олон нийтэд сурталчлахдаа зүй бус үг хэллэгтэй, ялгаварлан гадуурхах агуулгатай сурталчилгааг Сангийн яам өөрийн цахим хуудсаар цацсан юм. 

Төрийн яам нь яагаад ийм агуулгатай сурталчилгааг хийсэн талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодруулахад "Төсвийн талаар сэтгүүлчидтэй уулзах үеэр ийм асуудал гарсан. Би үзээд даруй зогсоосон. Сүүлийн хэд хоног төсвөө бариад, үүн дээр ажиллаж, шинэ сайд нартай тулж, өдөр бүхэн ажиллаж байна. Бараг нойр, хоолгүй яваад байгаа. Энэ хооронд иймэрхүү юм боллоо.

Татварын Ерөнхий Газрын дарга ч эрүүл мэндийн асуудлаас болж, гадаадад эмчлүүлж байгаа. Энэ хооронд анхаарал сарниж, ийм зүйл боллоо. Уг нь удахгүй эхлэх сугалаагаа сурталчлах төлөвлөгөөт ажил байсан. Манай залуус үүнийг зохион байгуулсан. Үзсэн, алдаатай зүйлүүд орсон, ёс зүйгүй үг хэллэг багтсан байна. 

Уг санаа нь их энгийн. Тавдугаар сард сугалаа зогсоосноор баримт бүртгүүлэлт хоёр дахин буурсан. Долоон жилд хүрсэн үр дүн гурван сарын хугацаанд 50 хувь буурлаа. Цаашлаад НӨАТ-ын орлого буурах асуудал үүснэ" гэлээ.

Түүнчлэн "Хамтарч ажилласан студийн найруулга, зохиол санаанд хүрээгүй. Гүйцэтгэл амжилтгүй болсон учраас төлбөрийн асуудал гэж байхгүй" гэлээ.

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 12-нд болно. Сугалааны тохирлыг Улсын Их Дэлгүүрт хийхээр төлөвлөсөн байна. Сэргээн зохион байгуулж буй НӨАТ-ын сугалааны тохирлын онцлох өөрчлөлт нь зөвхөн бүртгүүлсэн баримтуудаар явуулна. Олон баримт бүртгүүлэх тусам тохирол таарах болон хожих мөнгөн дүнгийн хэмжээ нь нэмэгдэх юм. 

НӨАТ-ын сугалааны тохиролд:

  • 3 орон таарвал 40,000 төгрөг
  • 4 орон таарвал 60,000 төгрөг
  • 5 орон таарвал 100,000 төгрөг
  • 6 орон таарвал 500,000 төгрөг
  • 7 орон таарвал 5,000,000 төгрөг
  • 8 орон таарвал 10,000,000 төгрөгийн урамшуулал авах юм байна.