БНАСАУ Японы хойд хэсэг буюу Хоккайдо арал руу чиглүүлэн хүчин чадал нь үл мэдэгдэх пуужин харвасан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн.

Үүнтэй холбоотойгоор Японы агаарын довтолгооноос урьдчилан сэргийлэх J-Alert систем ажиллаж, пуужин тусах магадлалтай бүс нутгийн иргэдийг байрныхаа зоорийн давхарт нуугдахыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр анхааруулсан юм.

Тэгвэл пуужин Японыг давж, зүүн тийшээ 3000 км зайд далайд унасан гэж NHK агентлаг мэдээллээ. Уг мэдээллийг Засгийн газрын өндөр тушаалын эх сурвалжаас авчээ.

Хойд хэсгийн Тохоку мужийн дээгүүр уг пуужин нисэж өнгөрсөн байна. Өөрөөр хэлбэл Тохоку муж пуужингийн траекторт байсан бөгөөд 3000 км хэтэрсэн нь Японы хаана ч хүрч тусах чадалтайг нь харуулж байгаа юм.

“Үл мэдэгдэх” гэх энэ пуужин 20 минутад 4000 км зам туулсан гэх бөгөөд Японы Батлан хамгаалах яам энэ мэдээлэлд задлан шинжлэл хийж байгаа аж.