“Анод” банкны ТУЗ-ийн дарга асан Н.Даваа, Гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр нар “Хүний эрх, эдийн засгийн эрх чөлөө зөрчигдөж байна” нэртэй фэйсбүүк хуудас нээж, түүгээрээ эдийн засгийн боломжуудын талаар цуврал лайв хийж эхэлжээ. 

Тэдний 2022 оны аравдугаар сарын 1-нд "Монголын цагдаагийн дарга нар Анодыг дээрэмдсэн нь" нэртэй бичлэг хийсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байгаа билээ. Тодруулбал, Анод банкийг цагдаагийн дарга нар зохион байгуулалттай дээрэмдсэн хэмээн Н.Даваа үздэг бөгөөд энэ талаарх анхны эх сурвалжууд, баримтууд “Монголо гэдэг эрхэм” номд багтсан талаар ярьсан юм.  

Тиймээс уг бичлэгт яригдсан мэдээллүүдтэй холбоотойгоор Анод банкны хэргийг шалгана гэдгээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдээд байна. 

Бичлэгт яригдсан мэдээллээс онцлох эшлэлүүдийг бэлтгэв. 

  • ТБД Андуудын салбарт буутай этгээд орж ирээд хамгаалагчийн зүрх рүү нь буудаж унагаад 200,000 доллар аваад гарсан. Банкны салбараас тийм их мөнгө дээрэмдсэн анхны хэрэг. Банкны салбарт тийм их мөнгө байдаггүй. Гэтэл мөнгө авна гэж татуулж байгаад захиалга өгөөд зохион байгуулалттай хийсэн байгаа юм. 
  • Харуул сумны хамгаалалттай байсан. Ухаан ороод өндийхөд нь их холоос тархинд нь буудсан байгаа юм. Хэр баргийн хүн өндийж байгаа харуулын тархи руу онож буудахгүй. Гэтэл ухаан алдах хэмжээнд буудаад унагасан байгаа юм. 
  • Хэргийн талаар цагдаад мэдэгдлээ. Илрүүлэх болоход шууд нууцлалын зэрэгт авсан гээд хөдлөөгүй. Бид олсон хүнд 50 сая төгрөг өгнө гээд зар тавиад, аргаа бараад хувийн мөрдөгч тавьсан. Тэгээд ил болсон. Хувийн мөрдөгчид “Местний оросуудтай нийлээд цагдаагийн удирдах бүрэлдэхүүн хийсэн байна” гэсэн. 
  • Дээрэм хийхэд цаана нь хүлээж байгаад аваад явсан жолооч илэрсэн. Тэгтэл эргээд жолоочоо нухах гэж үзсэн. Жолооч өөрөө шоронд олон удаа орсон хүн байсан. Тэр хүн өөрөө хүн алаад шоронд орчихсон. Шоронд орсон хойноо бүх үнэнээ хэлсэн, би өөрөө алуулах гээд байсан тул амь гарсан гэж. Гэтэл энэ мэдүүлэг Эрүүгийн цагдаа дээр очоод таг. 
  • Хууль бус барааг Оросын хилээр Улаанбаатар руу оруулж ирдэг мафиуд хийсэн гээд хэлчхэж байгаа юм. Тэрний цаана цагдаагийн удирдлага орж байгаа. Энэний араас би гүйгээд байхаар цагдаа намайг үзэхээ больсон. 
  • Дэд захирал Батмөнхийг гэнэт баривчлаад хорьсон. Гэрт нь нэгжлэг хийтэл буу гарсан. Буруутгах баримт байхгүй. Энэний араас би зөвлөхөө тавьсан. “Нэмэргүй, зүгээр хая. Наадахаа барахгүй. Оросууд ингэдэг. Эд нар чинь Оросод төгссөн. Гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. Цагдаа ингэж мөнгө олдог” гэж ярьсан. 
  • Тэгээд ямар нийгэмд байгаагаа ойлгосон. Төр нь банкаа дээрэмддэг. Хэн нэгэн манайхаас УИХ-ын гишүүн, сайд байсан бол хамгаална. Манайд ямар ч төлөөлөл байхгүй. Ард түмэн л байсан. Эцэст нь цагдаа миний дайсан болж байгаа юм. 
  • Цагдаа нь харуул буудаад 200,000 доллар дээрэмдчихсэн. Прокурор нь хуурамч цаас өгөөд 860,000 доллар авчихдаг. Эрдэнэсийн санг Хууль зүйн яам, Монголбанк хууль гаргаад жил бүр 20 тонн алт авчихдаг. Бүгд миний дайсан болсон. Ийм системийн эсрэг би яалт ч үгүй дийлдсэн. Бүгд ашиг сонирхлын зөрчилтэй. 
  • Энэ дээрмийн эсрэг би тэмцтэл хүчин мөхөстөөд, жинхэнэ эрүүдэн шүүж байгаа байхгүй юу. Чамайг бид дийлж байгаа биз гээд үзүүлсэн шүү дээ надад. Бүх эрүү дотроос хамгийн аймшигтай нь хүний амьсгалыг боогдуулах. Зодох бол юу ч биш. Хүн амьсгалахгүй байж чадахгүй. Гэтэл амьсгалаар хорт утаагаар боох бол хамгийн аймшигтай эрүү. 
  • Би батлан даалтад гарчхаад тэмцээд л байсан. Гэтэл хийчхээд байсан. Дөрвөн удаа орсон. Үнэхээр дийлэхгүй юм билээ. Төр бол төр юм билээ. 
  • Ганцаараа Багануурын чангын чангад орсон. Нэг хоног ч хасаагүй. Нэхэмжлэл нь Монголбанкны нэг мэргэжилтэн дурынхаа тоог тавина. Шүүх нь хангачихдаг. Хэлэлцэх ч үгүй. Ямар ч нотлох баримтгүй хүнийг “үгсэн хуйвалдаж” гэдэг юм билээ. Зүгээр л намайг боол болгож байгаа юм. 14 жил өнгөрсөн ч би түрүүний долоо хоногт бас л дээрэмдүүлсэн. Монголбанк ямар л нэхэмжлэл гаргана, тэрийг шүүх "Хангасугай л" гэнэ. 
  • Би бол Монголбанкны боол. Надад ямар ч данс байхгүй. Ямар ч нийгмийн халамж байхгүй. Би хувь хүнийхээ хувьд улс орондоо хөрөнгө оруулалтыг Казахстан, Японоос гээд бараг 300 сая доллар оруулсан. Улс орон ургацаа хурааж чадахгүй байсан үед бид “Самсунг”-аас 30 сая доллар аваад Казахстанаас шатахуун оруулж ирээд ургацаа авч байсан. Түүхэнд анх удаа Казахстанаас шатахуун авч байсан. Тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайд “та нар л туслахгүй бол ургацаа алдлаа” гэсэн хүсэлтээр л бид зүтгэсэн. Тэр бүхний хариуд зүгээр л боол болсон. 
  • Монголбанкны ерөнхийлөгч, Хууль зүйн сайд, Ерөнхий прокурор, Цагдаагийн дарга нар тэр чигээрээ бидний эсрэг дайрч байхад банкийг хамгаалж чадахгүй шүү дээ. Хэдэн тэрбумын зохиомол юм гаргаад, 10,000 төгрөг өгөөд самбар бариулж байгаад энэ банк болохоо байлаа гээд зүв зүгээр байхад нь мөнгийг нь татуулсан. Хоёрхон хоногийн дотор Хятадын Элчингийн урд байсан салбар дахь Хятадын их хэмжээний мөнгийг татуулсан. Ингээд биднийг оршин тогтнох ямар ч боломжгүй болгосон. Дараа нь цагдаагийн ажилтнаас сонссон. Тухайн үед том зээлдэгчид та нарыг шоронд хийлгэх гэж зөндөө мөнгө төлсөн гэж.
  • Уучлаарай би үнэхээр Ерөнхий прокурор, Хууль зүйн сайд, Монголбанк, Цагдаагийн даргыг дийлээгүй. Үүний цаана төр байсан. Төрийг үнэхээр би дийлээгүй. Хүчирдэггүй юм билээ. 
  • Энэ бол дампуурал биш, ялагдал байсан. Шоронд хийж байгаад банкийг хүчээр татан буулгасан. 150 сая доллароор хүн авъя гээд байхад өгөөгүй. Одоо ч гэсэн амархан зарагдана. Одоо биднийг боол болгож байхаар зарчих л даа, болоо шүү дээ. Бид ганц л юм хүсэж байгаа. Заавал хүмүүст хохирол учруулаад, улсыг хохиролд учруулаад бидний тамлах ямар хэрэгтэй вэ. Жамаар нь хийчих л дээ. Бүх л улс зардаг. 
  • Монголд ямар ч гаднын банк оруулж ирдэггүй. Энэний цаана бага хүүтэй зээлийг оруулахгүй байгаа гол шалтгаан нь Банкны холбоо. Жилийн 3-4 хувийн хүүтэй зээл авмаар байна. Гэтэл өөрийн банкуудаа ашигтай байлгах гэдэг.  
  • Бид ерөөсөө л гаднын банк оруулж ирэх гэж байсан. Бага хүүтэй зээл оруулж ирэх гэсэн. Бээжинд банк байгуулах гэсэн. Яг зах зээлийн зарчмаар л явж байсан. 
  • Хэрэв Монгол Улсын эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлт ийм байвал хэзээ ч хөрөнгө оруулагч орж ирэхгүй.  
  • Сөрөг хүчнийхээ намын даргыг барьж аваад шоронд хийгээд банкийг нь унагадаг тийм зэрлэг улс руу хэн мөнгө оруулах вэ. Би Иргэний хөдөлгөөний намын дарга байсан. Африкийн орнууд ч энэнээс гайгүй байгаа.  
  • Улс орон хөрөнгө орж ирж байж л хөгждөг. Хөрөнгө орж ирэхгүйгээр хөгжсөн түүх хаана ч байхгүй. Эдийн засаг ийм аймшигтай байвал, эдийн засгийн эрх чөлөө, хүний эрх, эрх чөлөө байхгүй бол хэн ч орж ирэхгүй. 
  • Анодын асуудлыг шийдэхгүйгээр Монголд гаднын хөрөнгө оруулагч орж ирэхгүй, Ерөнхий сайдын чинь хэлж байгаа бол үлгэр. 
  • Мэдэхгүй, чадахгүйгээс алдаа гаргаж болно. Гэхдээ төр ард түмнийхээ өмнө алдаагаа засдаг байх хэрэгтэй. 
  • Орос бол ганц нам төр барьж байгаа, ямар ч өрсөлдөгч байхгүй. Путин бүх эдийн засгийн 50 хувийг авсан. Олон юм яривал шоронд хийнэ, буудчихна. Манайх төстэй. Монголд хэн мөнгө хийж, яаж мөнгө хийж байна, хоёр намтай ажиллаж чаддаг хүн мөнгө хийж байна. Оросоос ялгаатай нь арай улайм цайм буудчихдаггүй байх. 
  • Шударга байж л явна. Иймэрхүү байдалтай бид бүгд живж байна. Эдийн засаг маш хүнд байна.  

Эдгээр дурдагдсан мэдээллийг анхан шатны баримтыг “Монголо гэдэг эрхэм номд” бичсэн байгааг тэрбээр дурдав.