Төсвийн хэмнэлт нэрээр өнчин хүүхэд асрах төв буюу ''Өнөр бүл"-ийн ирэх оны төсвийг 200 орчим сая төгрөгөөр хасаж батлуулахаар болсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тараад байна.

Уг мэдээлэлд Сангийн яамнаас үгүйсгэсэн тайлбар хийлээ.

Энэ тухай Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга М.Санжаадорж "Сүүлийн хоногуудад олон нийтийн сүлжээнд "Өнөр бүл" төвийн төсөв 280 сая төгрөгөөр хасагдсан гэсэн мэдээлэл тарж, иргэдийг бухимдуулж байна. Юун түрүүнд Сангийн яамны зүгээс үүнд тайлбар хийлгүй удсанд хүлцэл өчье.

Ирэх 2023 оны төсвийн баримт бичиг буюу улсын хэмжээний бүх төсөвт байгууллагын орлого зарлагын мэдээллийг тусгасан баримт бичгийн 396 дугаар хуудсанд "Өнөр бүл" төвийн төсвийг тавьсан байгаа.

Үүнээс "Өнөр бүл" төвийн төсөв 2022 онд 2 тэрбум 290.4 сая төгрөг байсан бол 2023 онд 2 тэрбум 845 сая төгрөг тусгасан буюу ирэх жилийн төсөв нь 550 сая гаруй төгрөгөөр нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, "Өнөр бүл" төвийн төсвийг 280 сая төгрөгөөр хассан гэдэг нь үнэнд нийцэхгүй, ташаа мэдээлэл юм.

Төсвийн баримт бичиг нь олон нийтэд нээлттэй байдаг тул Сангийн яамны веб сайтаар болон УИХ-ын албан ёсны сайтаар орж, ирэх оны төсвийн төсөл дээр "Өнөр бүл" төвийн төсвийг 550 сая төгрөгөөр нэмэгдүүлж өргөн барьсныг харах боломжтой бөгөөд уг баримт бичигтэй бүрэн эхээр нь танилцах боломжтой" гэлээ.