Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын гуравдугаар улирлын буцаалт олголтыг энэ сард иргэдийн дансанд шилжүүлэх учиртай. 

Энэ удаад 1,124,564 иргэнд нийт 66.4 тэрбум төгрөгийг олгох юм байна. Мөн тухайн иргэн хүсвэл буцаан олголтоосоо ямар нэг шимтгэлгүйгээр албан татвараа суутгуулан төлөх боломжтой. Тухайлбал, автотээврийн хэрэгслийн, үл хөдлөх эд хөрөнгийн, газрын үл хөдлөх эд хөрөнгийн зэрэг албан татвараа төлж болох бөгөөд үүний тулд өнөөдрийн дотор eBarimt аппликэйшн дээрх сануулга дээр "Тийм" товчийг дарахыг Монголын Татварын албанаас зөвлөлөө.

 

НӨАТ-ын сугалааны аравдугаар сарын тохирол 11 дүгээр сарын 16-ны 13:00 цагт явагдахаар товлогджээ. Сугалааны тохирлыг Боловсрол ТВ болон Ebarimt аппликэйшнээр шууд үзэх боломжтой.

Өөрөөр хэлбэл 2022 оны аравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн баримтаар сугалааны тохирол явагдана. Тиймээс иргэд төлбөрийн баримтаа системд уншуулж байхыг зөвлөлөө. Өнөөдрийн байдлаар 26,358,776 баримт системд бүртгэгджээ.

НӨАТ-ын сугалааны шинэ журмаар олон баримт бүртгүүлэх тусам азтан болох боломж өндөр хэмээн мэдэгдээд буй. Тодруулбал 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг, 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг, 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30 сая төгрөгийн урамшуулал авна.

Есдүгээр сарын баримтаар явуулсан тохиролд 36,499 азтан тодорсон тухай мэдээлж байсан билээ.

"Азтан болсон иргэн урамшууллаа баталгаажуулсан өдрөөс хойш ажлын 15 хоногт олгоно. Урамшууллаа сугалааны тохирол явагдсанаас хойш 90 хоногийн дотор баталгаажуулах эрхтэй байдаг. Баталгаажуулахгүй 90 хоногоос хэтэрвэл цуцлагдах журамтай" хэмээн Татварын Ерөнхий Газрын НӨАТ-ын хэлтсийн дарга Д.Мөнхтуул хэлж байв.