УИХ-ын чуулганы баасан гараг /2022.11.04/-ийн нэгдсэн хуралдаан үргэлжилж  Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл сонсож байна. Хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож мэдээлэл өгнө гэж байсан ч Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариулж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ "Б.Жавхлан сайд гүтгэлгийн шинжтэй зүйл ярьж байна. Л.Оюун-Эрдэнэ сайдын бидэнд өгсөн есөн хуудас материалыг уншиж танилцуулна гэсэн ч өөр зүйл уншиж танилцуулаад байна. Сая уншсан зүйлээ УИХ-ын бүх гишүүдэд тарааж өг. Хуралдаан дээр үнэн баримттай зүйл унших ёстой. Иргэд саяны ярьсан зүйлийг үнэн гэж бодно шүү дээ. Л.Оюун-Эрдэнэ сайдын тараасан материалыг Сангийн сайд нь өөрчилж ярьж болохгүй. Бид эсвэл Ерөнхий сайд дээр оръё” гэв.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН “Нөхөр Н.Алтанхуяг гишүүн сандарч эхэлж байгаа. Таны зөв. Та бүхэнд тарааж өгсөн материалд миний ярьсан зүйл нийцнэ. Таны гаргасан шийдвэрийн дагуу хөгжлийн банк зээл өгдөг байсан. Та шударга хүн болж ярих хэрэггүй. Таны тарьсан балгийг бид ярьж байгаа шүү. Та өмнө нь “өр тавиад л байя. Хүүхдүүд минь төлчихнө биз” гэсэн одоо яг тэр чинь болж байна. Өнөөдөр татвар төлөгчдийн мөнгөөр таны зээлийг төлж байгаа шүү. Та хаашаа ч зугтаж чадахгүй. Чамтай би алалцаад дуусаж байгаа. Чанаргүй зээлийг би чамтай цуг барагдуулж дуусна шүү” гэлээ.